2025 оны тавдугаар сарын 7-нд Пакистаны Агаарын цэргийн хүчин (PAF) Энэтхэгийн Агаарын цэргийн хүчний (IAF) дор хаяж хоёр сөнөөгч-бөмбөгдөгч онгоцыг сөнөөсний нэг нь Dassault Rafale байжээ. Aviationweek.com сайтын мэдээлснээр, Пакистан Энэтхэгийн агаарын довтолгоонд хариу өгөхийн тулд Хятадад үйлдвэрлэсэн JF-17 болон J-10 сөнөөгч онгоцуудыг ашигласан байна.
Энэхүү мөргөлдөөний үндэс нь дөрөвдүгээр сарын 22-нд Энэтхэгийн иргэд рүү хийсэн халдлага бөгөөд Энэтхэг улс уг ажиллагааг Пакистаны дэмжлэгтэй Кашмирын босогч бүлэглэл үйлдсэн хэмээн буруутгаж, өшөө авахаа мэдэгдсэн юм. Үүний хариуд IAF тавдугаар сарын 7-нд Пакистанд байрлах босогчдын байршилд пуужингийн цохилт өгсөн байна.
“Идэвхтэй луу” хочит J-10 хэрхэн давуу тал олж байна вэ?
Ройтерст АНУ-ын хоёр албан тушаалтан мэдээлэхдээ, Энэтхэгийн онгоцуудыг Пакистаны Chengdu J-10 сөнөөгч онгоцнууд сөнөөсөн гэжээ. “Vigorous Dragon” буюу “Идэвхтэй луу” хочит J-10 нь 1998 онд анхны нислэгээ хийсэн, 4.5-р үеийн олон үүрэгт сөнөөгч бөгөөд нэг суудалтай, нэг хөдөлгүүртэй бөгөөд Mach 1.85 (ойролцоогоор 2,280 км/ц) хурд хүрэх чадвартай.
АНУ-ын албаныхны үзэж буйгаар, J-10C хувилбарууд нь PL-15 нэртэй холын зайн пуужинг ашигласан байх магадлалтай. Энэхүү пуужин нь 300 км (186 миль) хүрэх чадвартай бөгөөд байг харах боломжгүй алсад онох чадвартай агаараас агаарт чиглэсэн зэвсэг юм.
Гэвч ийм өндөр нарийвчлалтай пуужинг ашиглахын тулд зөвхөн хөдөлгүүр болон зэвсгийн систем хангалтгүй. Онгоц пуужинг хөөргөхийн тулд өндөр хүчин чадалтай радараас өгөгдөл авах шаардлагатай.
Радараа ил гаргалгүй дайснаа онох боломжийг AWACS олгож байна
Сөнөөгч онгоц идэвхтэй радараа асаахад тухайн дохио бусад онгоцноос ойж буцаж ирэхийн зэрэгцээ өөрийн байршлаа мөн илчилдэг. Тиймээс радарыг асаахгүйгээр өөр онгоцны радар мэдээлэлд холбогдон анхны чиглэл авах чадвар онцгой давуу тал болдог. Пакистаны J-10 онгоцууд ийм чадвартай бөгөөд энэ нь тэдэнд сэжиг төрүүлэхгүйгээр байршлаа өөрчлөх, пуужинг амжилттай хөөргөх боломжийг олгожээ.
Энэ технологийн гол бүрэлдэхүүн нь SAAB 2000 онгоцонд суурилуулсан ERIEYE радарын систем юм. Пакистан одоогоор ийм төрлийн есөн онгоцтой бөгөөд хамгийн сүүлд 2024 оны наймдугаар сард Шведээс нэгийг нь хүлээн авчээ.
SAAB-ийн ERIEYE радар Украины агаарын орон зайг ч мөн SAAB 340 загвараар хянаж байгаа боловч тус улсын F-16 онгоцууд нь холболтын LINK-16 системгүй тул хамтарч ажиллах боломжгүй. Харин J-10C онгоцууд нь ийм холболтын системтэй байдаг бөгөөд энэ нь тэдэнд ERIEYE-гаас шууд мэдээлэл авч, сэжиг төрүүлэхгүйгээр дайснаа онох боломжийг бүрдүүлжээ.
PL-15 пуужин өөрийн радарыг зөвхөн бай руу ойртоход идэвхжүүлдэг тул Энэтхэгийн Rafale онгоц түүн рүү чиглэсэн довтолгоог мэдрэхээс өмнө хэт оройтсон байсан бололтой.
slashgear.com