Физикчид өдгөө гэрлийн хурдад дөхсөн бөөмсийг хэрхэн илүү нарийн хянах талаар шинэ шийдэл оллоо. Аргонны үндэсний лабораторийн эрдэмтэд маш бага температурт ажилладаг маш нарийн утас ашиглан протон хэмээх эерэг цэнэгтэй жижиг бөөмсийг маш өндөр хурдаар хөдөлж байх үед нь илрүүлж чаджээ.
Эдгээр утсыг анх гэрлийн маш бүдэг цэгүүдийг мэдрэх зорилготойгоор бүтээсэн ч судлаачид туршилтаар протон илрүүлэхэд мөн тохиромжтойг тогтоожээ. Тэд 120 ГэВ (гигавольт) энерги бүхий хурдтай протон туяа ашиглан туршилт хийсэн бөгөөд утасны өргөн багасах тусам илрүүлэлтийн чадвар нэмэгдэж байв.
Энэ мэдрэгч нь маш хүчтэй соронзон орчинд ч ажиллах чадвартай гэдгээрээ онцлог. Ийм орчинд ажиллаж чаддаг төхөөрөмж цөөн байдаг тул шинэ мэдрэгчийг ирээдүйд томоохон бөөм хурдасгуурын төвүүдэд ашиглах боломжтой гэж үзэж байна.
Тухайлбал, АНУ-д баригдаж буй Electron-Ion Collider нэртэй шинэ хурдасгуурт эдгээр мэдрэгчийг суурилуулах төлөвтэй байна. Тус төхөөрөмж нь электроныг протон болон ионтой мөргөлдүүлэн, бөөмс хэрхэн хоорондоо холбогддогийг судлах зорилготой юм.
Эдгээр мэдрэгч нь зөвхөн бөөмийн физикт ч биш, квант технологи, гэрлийн мэдээлэл дамжуулалт зэрэг олон салбарт ашиглагдаж байна. Харин одоо тэдгээрийг бөөм судлалд мөн ашиглах боломжтой болсон нь шинжлэх ухааны хувьд том ахиц юм.
Хэдий энэ мэдрэгчийг ажиллуулахын тулд маш хүйтэн орчин шаардагддаг ч орчин үеийн лабораториуд ийм хөргөлтийн системтэй болчихсон тул хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн байна.
Эрдэмтэд эдгээр утсыг улам сайжруулж, илүү нарийн хийцтэй, өндөр хүчин чадалтай болгохоор ажиллаж байгаа бөгөөд шинэ мэдрэгчүүд ойрын жилүүдэд шинжлэх ухаанд том хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Уг судалгаа Nuclear Instruments and Methods in Physics Research Section A сэтгүүлд хэвлэгджээ.