Европын аваргууд болох Реал Мадрид түүнийг гуяны гэмтэл авсны улмаас нэг сар хүртэл тоглох боломжгүй гэдгийг зарлалаа. Бразилийн шигшээ багийн тоглогч Винисиус Жуниор өнгөрсөн шөнө Леганес багийг 3:0-ээр хожсон тоглолтод бүтэн 90 минут оролцож, Килиан Мбаппед нээлтийн гоолыг бүтээж өгсөн.
Parte médico de Vini Jr.#RealMadrid
— Real Madrid C.F. (@realmadrid) November 25, 2024
Гэсэн ч Реал Мадрид өнөө өглөө албан ёсны мэдэгдэл гаргаж, Винисиус Жуниор гэмтэлтэй байгаа талаар мэдээлсэн бөгөөд Испанийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар тэрээр 2024 оны үлдсэн тоглолтуудад оролцох боломжгүй байж магадгүй гэнэ.
Тэрээр Ливерпүүл багтай Лхагва гарагт болох Аваргуудын лигийн тоглолтод оролцохгүй нь тодорхой болсон бөгөөд арванхоёрдугаар сарын 18-нд болох Интерконтиненталын цомын шигшээ тоглолтод ч оролцох магадлал бага байна.
Винисиус Жуниор өмнө нь гуяны гэмтэл авч байсан ч энэ удаагийн асуудал Леганесийн эсрэг тоглолтын дараа л илэрчээ.
Мбаппед боломж олдох уу?
Энэхүү гэмтэл дасгалжуулагч Карло Анчелоттид хүндрэл учруулж байгаа ч зарим талаар асуудлыг шийдэж болох юм. Учир нь Винисиус Жуниорын оронд зүүн жигүүрт Килиан Мбаппе гарах хамгийн тохиромжтой сонголт болж байна.
Францын шигшээ багийн ахлагч Мбаппе төвийн байрлалд тоглож байсан ч одоо өөрийн дуртай байрлалдаа тоглох боломжтой болох нь.
Хэрэв мэдээлэгдсэн хугацаа үнэн бол Винисиус Жуниор өвлийн завсарлага хүртэлх хугацаанд Реал Мадридын хуваарьт багтсан найман тоглолтыг алдах магадлалтай.
Леганесийг хожсоноор Реал Мадрид Ла Лигийн хүснэгтийн тэргүүлэгч Барселонагаас дөрвөн онооны зайтай болж, нэг тоглолт илүү давуу байдалтай болжээ.