in

Роберт Де Нирогийн бүх цаг үеийн шилдэг 10 кино

Роберт Де Нирогийн бүх цаг үеийн шилдэг 10 кино

Роберт Де Нирогийн хамгийн сүүлд дэлгэцнээ гарсан бүтээл болох The Alto Knights нь нэг гол дүрмийг сайн ойлгожээ. Таны кинонд Де Ниро их гарах тусам төдий чинээ гайхалтай болноо гэж. Тиймээс уг кинонд тэрээр мафын хоёр өрсөлдөгч толгойлогчийн дүрийг давхар бүтээсэн нь түүний хамгийн сайн мэдэх төрөл жанр юм. Де Ниро урт замналынхаа туршид гэмт хэргийн ертөнцийг харуулсан шилдэг бүтээлүүдэд гол дүр бүтээсэн төдийгүй, түүний авьяас зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Хууль бус амьдрал туулсан дүрүүдээс эхлээд инээдмийн дүр, сэтгэцийн гажигтай алуурчид, боксын аваргуудыг хүртэл үнэмшилтэйгээр амилуулсан билээ.

Мартин Скорсезе, Фрэнсис Форд Коппола, Майкл Манн зэрэг найруулагчидтай хамтран ажилласан Де Ниро киногоороо дамжуулан дэлгэцийн түүхэн дэх хамгийн сэтгэл татам дүрүүдийг бүтээсэн юм. Empire сэтгүүлийн баг түүний бүх цаг үеийн шилдэг 10 киног шалгаруулахын тулд санал хураалт явуулж, заавал үзэх ёстой домогт дүрүүдийг нэгтгэсэн жагсаалт гаргалаа. Үр дүн нь эмгэнэлтэй баатрууд, зөрчилдсөн анти-баатрууд, бүрэн төгс хорон санаатнуудын дүрүүдээр дүүрэн байв. Түүний соронзон мэт татах хүчтэй жүжиглэлтүүдийг багтаасан бүтээлүүдийн жагсаалтыг доор бүтнээр нь уншаарай.

10) Cape Fear


Кино ертөнцийн хамгийн дээд зэргийн хорон үйл гэж үү? Жинхэнэ кино театрт асар том навчин тамхи асааж, заалыг өтгөн утаагаар дүүргэнгээ чангаар хөхрөх явдал байж болох юм. Зөвхөн энэ үйлдлээрээ л Макс Кейди ёрын дүр болчихно. Гэтэл тэрээр үүнээс гадна айдас төрүүлэм, хэрцгий, аюултай алуурчин. Магадгүй Де Нирогийн бүтээсэн хамгийн хорон санаат дүр ч байж мэднэ. Тэрээр заналт дайсан шиг аашилж, хуучин хэргийнхээ төлөө шоронд суусан нь өмгөөлөгч Сэмюэл Боудентай (Ник Нолте) холбоотой гэж үзээд, суллагдсаныхаа дараа Боудены гэр бүлд хар дарсан зүүд шиг зовлон авчрахыг өөрийн зорилго болгодог. Де Ниро энэ дүрийн хэрцгий байдлыг төгс илэрхийлж, шоронд олон жил суусан хүний уур хилэн, өшөө авах тачаалыг харуулдаг. Тэрээр шоронд олон шивээс хийлгэсэн, аянгатай үүлэн дор шоронгоос суллагдан гарах дүрийг Скорсезегийн готик хэв маягтай найруулгатай гайхалтай уялдуулж чаджээ. Харамсалтай нь төгсгөлд нь алдарт rake-stepping хошигнол байхгүй ч, байсан бол Де Ниро түүнээс ч мундаг амилуулах байсан нь гарцаагүй.

9) Casino

Де Ниро энэ кинонд хэзээ ч байгаагүйгээрээ шилдэг тоглосон уу? Маргаантай. Харин Де Ниро энэ кинонд хамгийн гоё харагдсан уу? Маргаангүй. Вегасын гэмт хэргийн ертөнцөд ноёлогч, эрх мэдэлд шунасан Эйс Ротштейний дүрийг бүтээхдээ тэрээр гайхалтай өнгөлөг хувцаслалттай гарч ирдэг. Киноны эхний дэлбэрэлт бүхий хэсэгт өмссөн тод улбар шар хүрмээс эхлээд Жинжерт (Шэрон Стоун) сэтгэл алдарсаныхаа дараа худалдан авсан нимбэгэн шар хослол хүртэл түүний дүр төрх бараг 45 өөр загвараар илэрхийлэгддэг тул тусгай постер хүртэл гарсан байдаг. Де Ниро хувцаслалт бүрээрээ дүрийнхээ сэтгэлзүйн талыг илэрхийлдэг бөгөөд нэгэн инээдтэй хэсэгт ширээнийхээ ард босох үедээ өмдгүй байгаагаа харуулна. Учир нь тэр хэт төгс төгөлдөрийг хүсэгч учир өмдөө үрчийхээс сэргийлсэн хэрэг. Хэсэг мафи, хэсэг тоть мэт дэгжин энэ дүр эцэстээ өөрийн их зан, нэр төр хөөцөлдсөн байдлынхаа золиос болж сүйрдэг. Де Ниро түүний уналтыг үнэхээр гунигтайгаар илэрхийлж чадсан.

8) Mean Streets


Mean Streets бол Роберт Де Нирогийн анхны кино биш. Энэ хүнд 1963 оны Three Rooms In Manhattan кинонд ‘Зоогийн газрын үйлчлүүлэгч’ гэх жижигхэн дүр бүтээсэн гэдэг. Гэхдээ Мартин Скорсезегийн 1973 оны энэ гэмт хэргийн драм бол түүнийг жинхэнэ од болгосон, үе дамжсан авьяас гэдгийг зарласан бүтээл байлаа. Магадгүй Скорсезе үүнийг урьдчилан харсан учир (хожмын хэдэн арван жил үргэлжлэх хамтын ажиллагаагаа эхлүүлсэн болохоор) Де Нирог мартагдашгүй байдлаар танилцуулдаг. Жонни Бой дүрийг бүтээсэн Де Ниро улаан гэрэлтүүлэгтэй бааранд удаашруулсан хэмнэлээр орж ирэхдээ хоёр гартаа бүсгүйчүүдтэй, ард нь Rolling Stones хамтлагийн Jumping Jack Flash дуу эгшиглэнэ. Энэ бол дүрийн гайхалтай танилцуулга байсан. Цаанаа хүлээлт, түгшүүр, догдлолыг зэрэг төрүүлэх үзэгдэл. Харви Кайтелийн дүр Чарли Каппа түүнийг хараад л асуудал ойртож буйг ойлгоно. Үзэгчдийн хувьд ч кино ертөнцөд шинэ домог мэндэлж байгааг тэр агшинд мэдэрнэ.

7) Midnight Run

Роберт Де Нирогийн асар өргөн цар хүрээтэй кино бүтээлүүд дунд үнэлэгдээгүй сонгодог кинонууд заавал байдаг. Гэвч Midnight Run түүний шилдэг бүтээлүүдийн нэг гэж илүү олон удаа нэрлэгдэхгүй байгаа нь кино ертөнцөд гарсан багахан хэмжээний гэмт хэрэг ч гэж хэлж болох юм. Энэ кино үнэхээр гайхалтай. Хатуу ширүүн эрийн дүрд тоглох нь бараг заншил болсон Де Нирогийн жүжиглэх хэв маягийг (түүний кинонуудын дунд Вьетнамын дайны сэдэвт Jacknife болон мафийн сонгодог бүтээл The Untouchables багтдаг) инээдмийн урсгалтай хослуулж чадсан бүтээл. Тэрээр ууртай шагнал ангуучин Жек Уолшийн дүрийг бүтээж, Чарльз Гродины бүтээсэн санхүүч Жонатан “Дюк” Мардукасын (мафийн мөнгийг завшсан хэрэгт буруутгагдсан) эсэргүйцэл болохуйц жүжиглэлтийг харуулдаг. Хоёр жүжигчний хоорондын хурц, хошин харилцаа нь кино ертөнцийн хамгийн шилдэг “buddy” киноны нэгийг бий болгожээ. Гродин үүнийг ингэж тодорхойлсон байдаг: “Энэ киноны гол санаа бол нэг залуу нөгөөгөө хөөж, дараа нь гурав дахь нь тэднийг мөрдөж, эцэст нь бөөн хүмүүс бүгдийг нь хөөж эхэлдэг.” Үүнээс өөр яаж илүү сонирхолтой байж болох вэ?

6) Heat


Онолын хувьд Нил МакКолей дүр нь уйтгартай ч байж болохоор. Тэрээр цаг заваа нарийн төлөвлөсөн дээрэм зохион байгуулахад зарцуулахаас гадна, метал судлалын ном уншиж (титаны стресс хугарлын тухай ном сонсдог, магадгүй Audible дээр тренд болохооргүй эд), эсвэл фотосинтезтэй эукариотуудын тухай сонирхолгүй яриа өрнүүлнэ (“Фүжид жилд ганц удаа усан дотор гэрэлтдэг замаг гарч ирдэг” гэж тэр хайр сэтгэлийн холбоотон Эйдидээ ярьдаг). Гэхдээ Де Ниро хар савхин Bally гутал, магадгүй оосрынх нь уртыг хүртэл мэдэхээр нарийн нямбай байдалтайгаар энэ дүрийг бүтээх үед түүний дүр цахилгаан шиг хүчтэй амилдаг. Кино урлагийн хамгийн хүйтэн царайлаг хулгайч. Киноны эхэнд МакКолей яг л битүү хайрцаг шиг, гаднаас юу ч нэвтэрдэггүй, дотроос юу ч гардаггүй. Гэвч киноны явцад энэ хайрцаг бага багаар нээгдэж, түүний сул тал болох хайр сэтгэл аажмаар сэтгэлд нь асаж эхэлнэ. Энэ бол түүнийг нэгэн зэрэг аварч, сүйрүүлж чадах зүйл. Үргэлж тааварлахын аргагүй, сэтгэл татам энэ дүр энгийн гэмт хэрэгтнээс хамаагүй илүү утгатай. Heat 2 кинонд түүнийг орлох хүн хэчнээн том даваа давах хэрэгтэй болсныг төсөөлөөд үз.

5) The King Of Comedy


90-ээд, 2000-аад оны үед Де Ниро авьяасаа дэмий үрсэн олон тааруухан инээдмийн кинонд тогложээ. (Dirty Grandpa болон Little Fockers энэ жагсаалтад ороогүй байгааг анзаараарай.) Гэвч 1982 онд тэрээр инээдмийн кинонд тоглохоор шийдсэн нь тухайн үед зоригтой, урьдчилан таамаглаагүй алхам байв. Өмнө нь Скорсезетэй хамтран бүтээсэн Raging Bull болон Taxi Driver хоёр ямар ч утгаараа хөнгөхөн, хөгжилтэй кинонууд байсангүй. Тиймээс The King Of Comedy анх гарч байхад олон хүн юу гэж үнэлэхээ мэдэхгүй байжээ. Харин өнөөдөр энэ киног эргэн харахад, түүний үнэ цэнэ улам тодорч, нэр хүнд, алдар хүндийн тухай хурц шоглол болсон бүтээл гэдэг нь харагддаг. Де Ниро энэ кинонд шүүмжлэлт сэтгэлгээтэй ч аюултай галзуу фен Руперт Пупкины дүрийг бүтээсэн бөгөөд тэрээр алиалагч болохын тулд шүтээн Жерри Лэнгфордыг (Жерри Льюис) хүртэл хулгайлах хэмжээнд тулдаг. Энэ кино урлагт томоохон нөлөө үзүүлсэн бөгөөд өнөөдөр ч түүний сүүдэр ажиглагддаг. Ялангуяа Тодд Филлипсийн Joker кинонд. Тэрхүү кино нь зөвхөн The King Of Comedy-ийн сэдэв, үйл явдлын элементүүдийг зээлээд зогсохгүй, мөн Де Нирог өөрийг нь хүртэл ашигласан.

4) Taxi Driver


Де Нирогийн дүрүүдээс хамгийн их эш татагддаг нь энэ. “Чи надтай яриад байна уу?” гэх алдартай өгүүлбэр нь түүний нэрийн хуудас болсон. Энэ бол нийгмийг үзэн яддаг, дотроо буцалж буй Трэвис Биклийн егөөтэй, омог бардам үг. “Тэсэхээ больсон” энэ таксины жолоочийн дүрийг Де Ниро гайхалтайгаар бүтээж, түүнийг зоригтой, эмгэнэлтэй, аймшигтай байдлаар илэрхийлсэн нь 1970-аад оны Нью-Йоркийн хар бараан дүр төрхийг бүрэн илэрхийлжээ. Өөр жүжигчний гарт Бикл нэгэн хэвийн дүр болж мэдэх байсан. Харин Де Ниро Нью-Йоркод такси барьж туршлага хуримтлуулсны үр дүнд энэ дүрийг олон давхаргатай, нэгэн зэрэг өрөвдөлтэй, сүрдмээр, сэтгэл татам бас аймшигтай болгон амилуулжээ. Энэ бол Скорсезе, Де Ниро, Шредер нарын сонгодог бүтээлүүдийн нэг бөгөөд жагсаалтын цорын ганц нь биш.

3) The Godfather Part II


Хамгийн агуу мафийн киноны үргэлжлэлийг хэрхэн илүү гайхалтай болгох вэ? Де Нирог жүжигчдийн бүрэлдэхүүнд нэмэх. Фрэнсис Форд Копполагийн хоёрдугаар ангид голчлон Майкл Корлеонегийн 1950-иад оны карьер өсөж буй түүхийг харуулдаг ч Де Нирогийн залуу Вито Корлеонегийн дүрийн эргэн дурсамж түүнээс дутахааргүй сонирхолтой. Сицилийн хөдөөгийн амьдрал нь Нью-Йоркийн завгүй уур амьсгалтай эрс ялгарах бөгөөд хотод ирснээр Вито өөрийгөө хэрхэн Дон болгон төлөвшүүлж байгааг харуулдаг. Жижиг хулгайгаас эхэлж, Дон Фануччигийн жишгээр ажиллах боловч эцэст нь түүнийг устган, өөрийн гэмт хэргийн эзэнт гүрнийг байгуулна. Фануччиг сэм дагаж, эцэст нь хөнөөдөг хэсэг нь Де Нирогийн хамгийн хүйтэн, тооцоотой, авьяаслаг жүжиглэлтүүдийн нэг юм.

2) GoodFellas


Элизa Душкугийн True Lies кинонд сонсдог хэсэгт хүндэтгэл үзүүлж хэлэхэд, Cream хамтлагийн “Sunshine Of Your Love” дууг хамгийн төгс ашигласан кино бол GoodFellas. Энэхүү хөгжим Роберт Де Нирогийн бүтээсэн Жимми Конвэй хэмээх мафийн гишүүн хамтран зүтгэгчээ алахаар шийдэж буй агшныг гайхалтайгаар тодотгодог. (“Тэр киноны хамгийн харгис хэсэгт миний рифф явдаг шүү дээ” гэж Cream-ийн басс хөгжимчин Жэк Брюс хошигнож байв.) Энэ хэсэг бол домог Де Ниро бараг юу ч хийхгүйгээр ямар ихийг илэрхийлж чаддагийн баталгаа. Тэр киноны гол дүр биш боловч постерт нь төвд байдаг нь учиртай. Гэмт хэргийн амьдрал хэрхэн дур булаам санагддаг болохыг харуулсан энэ кинонд Жимми Конвэй хамгийн төгс төөрөгдүүлэгч байлаа. Тэр ухаалаг, хуурамч, харгис нэгэн. Харин нэг зүйлийг GoodFellas бидэнд ойлгуулсан: Роберт Де Ниротой хамт харанхуй гудамжинд бүү ор, тэр чамд хэдэн Dior-ийн даашинз амласан ч гэсэн.

1) Raging Bull

Raging Bull киноны хатуу, хурц байдал бүхэлдээ Роберт Де Нирогийн мөрөн дээр бууж байв. Энэ бүтээл Мартины Скорсезегийн гайхалтай найруулга, Тэлма Шүүнмэйкерийн төгс эвлүүлэг, Пол Шредерийн нарийн утга агуулгатай зохиолоор бүтсэн ч киноны гол цөм нь Де Нирогийн дүр бүтээлт. Тэр бол Жэйк Ла Мотта уур хилэнгээ барьж дийлдэггүй, зөвхөн рингэнд бус, гадна ертөнцөд ч балмад авиртай боксчин. Скорсезе боксын кино хийх сонирхолгүй байсан ч Де Ниро The Godfather Part II-ийн зураг авалтын үеэр Ла Моттагийн “Raging Bull: My Story” номыг уншиж, энэ дүрд татагджээ. Пол Шредерийн эрэгтэй хүний хүчирхийллийг гүн гүнзгий илэрхийлэх чадвар, Де Нирогийн дүрийн хэмнэлтгүй тоглолт нийлснээр энэ кино амьдралын хар бараан талыг харуулсан мартагдашгүй бүтээл болжээ. Ла Мотта бол төвөгтэй, атаархуу, харгис, итгэмээргүй хүн. Гэхдээ Де Нирогийн дүрд шингээсэн шархалсан сэтгэл, гүн гүнзгий уур хилэн нь түүнийг харахад үнэхээр соронзон мэт болгож, дэлгэцнээс нүдээ салгах аргагүй болгожээ. Киноны нэрэндээ үнэнчээр тэр зэрлэг бух шиг хилэгнэдэг.

empireonline.com

What do you think?

Leave a Reply

Ж.Ж. Реддик: Би Лэйкерсийг 15-20 жил дасгалжуулахыг хүсэж байна

Ж.Ж. Реддик: Би Лэйкерсийг 15-20 жил дасгалжуулахыг хүсэж байна

AI шинжээчид хүний түвшний AI-д хүрэх одоогийн арга зам буруу гэж үзэж байна

AI шинжээчид хүний түвшний AI-д хүрэх одоогийн арга зам буруу гэж үзэж байна