Энэ оны эхээр Өмнөд Солонгосын Гүми хотын захиргаанд болсон нэгэн явдлыг ажилтнууд нь санаандгүй алдаа байсан уу, эсвэл зориудаар хийсэн өөрийгөө сүйтгэх үйлдэл үү гэж маргаж эхэлжээ. Тэдний нэгэн хамтрагч хоёр метрийн өндөр шатны ёроолд ухаангүй хэвтсэн байдалтайгаар олдсон байна.
Тухайн хэрэг орон нутгийн хэвлэлээр шуугиан тарьж, “Ажилдаа шамддаг төрийн албан хаагч яагаад ингэв?”, “Ажил хэтэрхий хүнд байсан уу?” гэсэн гарчигтай мэдээнүүд гарч байв. Мөн энэ явдалд сошиал сүлжээгээр өрөвдөх хандлага давамгайлж, олон хүний анхаарлыг татсан юм. Учир нь уг төрийн албан хаагч үнэндээ робот байжээ.
Зарим хүмүүс энэ үйл явдлыг анхны “Робот амиа хорлолт” гэж үзэж байгаа бөгөөд робот ажлаасаа залхсандаа санаатайгаар шатнаас үсэрсэн гэж үзэж байна. Гэрчүүд робот шат руу унахын өмнө нэг газраа тойрон эргэлдэж байсан гэж мэдээлснээр түүнийг сэтгэлзүйн хямралд орсон байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлжээ.
Гэвч робот өөрийгөө зориуд устгахыг хүссэн бол эхлээд ухамсартай байх шаардлагатай. Энэ санаа сүүлийн зуун жил гаруйн турш шинжлэх ухааны уран зөгнөлд өрнөсөөр ирсэн ч сүүлийн хэдэн арван жилд технологичид, философичид үүнийг бодит байдалд хэрхэн, хэзээ хэрэгжихийг нухацтай хэлэлцэх болсон.
Лондонгийн Эдийн засгийн сургуулийн философийн профессор Жонатан Бирч, “The Edge of Sentience: Risk and Precaution in Humans, Other Animals, and AI” номын зохиолч, ойрын ирээдүйд бид “Ухамсартай мэт ойлгогдох” хиймэл оюун ухааныг харах болно гэж үзэж байна.
“‘Хэсэг хүмүүс өөрсдийн хиймэл оюун ухаант хамтрагчаа дотоод ертөнцөөр баялаг, ухамсартай оршихуй гэж бүрэн итгэнэ, харин бусад нь үүнийг үгүйсгэхэд ихэд уурлана’ гэж би ‘Ухамсартай мэт’ гэдэгт хэлэхийг хүссэн юм,” хэмээн профессор Жонатан Бирч The Independent-д ярьжээ. “Үүний зэрэгцээ, зарим хүмүүс эдгээр хиймэл оюун ухаант хамтрагчид юу ч мэдэрдэггүй гэж бат итгэх болно.
“Хэн нь зөв болохыг тогтоох боломжгүй байх учир нь бидний ухамсрыг шинжлэх ухааны үүднээс ойлгох ойлголт одоогоор хангалттай боловсроогүй байна. Энэ нь маш ноцтой нийгмийн хагаралд хүргэх эрсдэлтэй.”
Ийм нөхцөл байдалд бэлдэхийн тулд профессор Бирч технологийн компаниудыг энэ эрсдэлийг хүлээн зөвшөөрч, ухамсрыг шинжлэх ухааны түвшинд ойлгох судалгааг дэмжихийг уриалжээ.
Өмнөд Солонгост робот ажилтны үхэлтэй холбоотой үүссэн маргаан нь хиймэл оюун ухаан, машиныг хүний ажлын байранд нэгтгэх асуудал болон тэднийг мах цуснаас бүтсэн хамт ажиллагсадтай адил эрхтэй болгох ёстой эсэхэд төвлөрч байв.
Эдгээр асуултууд автоматжуулалт хамгийн хурдацтай хөгжиж буй Өмнөд Солонгост онцгой ач холбогдолтой. Олон улсын Роботуудын Холбооны (IFR) өнгөрсөн сард гаргасан тайланд дурдсанаар, Өмнөд Солонгос дэлхийд анх удаа аж үйлдвэрийн ажиллах хүчнийхээ 10 гаруй хувийг роботуудаар сольсон анхны улс болжээ.
Өмнөд Солонгост роботуудад хаа сайгүй ажил олдож байна: Ресторануудын гал тогооноос эхлээд эмнэлгийн хагалгааны өрөө хүртэл. Солонгосын засгийн газар ухаалаг машиныг төрөлтийн доод түвшин, хөдөлмөрийн насны хүн ам хурдацтай буурч буй асуудлыг шийдэх арга зам гэж үздэг. Гэсэн хэдий ч роботын асар их нэвтрэлт нь тэднийг хэрхэн зохистойгоор хүлээн авч, ажиллах орчинд нэгтгэх асуудлыг хөндөж эхэлжээ.
Хэдийгээр роботуудад одоогоор ухамсар байхгүй, өөрийгөө мэдрэх мэдрэмжгүй ч олон хүн тэднийг хагас ухамсарт оршихуй мэтээр харж, тодорхой хэмжээний хүндэтгэлтэй хандах ёстой гэж үзэж байна. Энэ үзэгдлийг өнгөрсөн жилийн нэгэн бичлэг онцолсон бөгөөд робот хайрцаг өрж байгаад гэнэт газар унаж буй нь дүрс бичлэгт буусан юм.
Роботын үйлдвэрлэгч үүнийг ердийн эвдрэл хэмээн тайлбарласан боловч бичлэг сая сая үзэлт авч, хүмүүс роботын үйлдлийг эсэргүүцэл эсвэл ядаргааны илрэл хэмээн таамаглаж эхэлжээ. “Бидэн шиг стресст орсон байна” хэмээн нэг хүн бичсэн бол нөгөө нь “Хиймэл оюун өөрийн шийдвэрийг гаргаж байгаа нь надад таалагдаж байна #эрхчөлөөнийхүсэл” гэж сэтгэгдэл үлдээжээ.
Өмнөд Солонгосын хотын захиргаанд болсон явдлаас хойш робот амиа хорлосон мэт харагдах олон тохиолдол гарч байна. Өнгөрсөн сард Японд болсон “Хүн vs Машин” тэмцээн хиймэл оюун ухаанаар удирддаг машиныг хүн жолоочтой уралдуулах зорилготой байв. Гэвч уралдаан эхлэхээс өмнө робот машин гарааны зүг явах замдаа хамгаалалтын хаалт руу орж мөргөсөн тул тэмцээн болоогүй. Зарим үзэгч нар хиймэл оюун хүнтэй, ялангуяа “Торпедо” хочтой, аюултай жолоодлоготой хүнд нүүр тулахаас зайлсхийж, өөрийгөө тэмцээнээс гаргасан мэтээр хошигножээ.
Харин Өмнөд Солонгосын шатны ёроолд олдсон роботын хувьд өөр нэг боломжийг дэвшүүлж байна: Хотын захиргааны ажилтнууд болон хэвлэл мэдээлэл хөндөхөөс эмээсэн нэгэн хувилбар бий. Роботыг магадгүй түлхсэн байж болох юм.
Олон улсын Роботуудын Холбоо (IFR)-ны өнгөрсөн долоо хоногийн тайланд дурдсанаар, дэлхий даяарх роботын дундаж нягтрал сүүлийн долоон жилийн хугацаанд хоёр дахин нэмэгджээ. Хиймэл оюун ухааны хөгжилтэй хөл нийлүүлэн энэ хандлага улам хурдацтай үргэлжлэхийн хэрээр робот хамтрагчидтайгаа хэрхэн хамгийн зохистойгоор амьдарч, ажиллах вэ гэдэг асуулттай бид улам их тулгарна.
Дэлхийн хамгийн том робот ажил олгогч Амазон компани сүүлийн арван жил гаруй хугацаанд роботыг ажлын байранд нэгтгэх аргыг боловсруулахаар ажиллаж байна. Тус компани 1.5 сая хүний ажилтантайгаа зэрэгцэн ажилладаг 750,000 гаруй роботоороо ажлын байрны гуравны нэгийг бүрдүүлээд байгаа юм.
Амазон компанийн анхны бүрэн автомат робот Proteus агуулахуудад чөлөөтэй ажиллаж эхэлжээ. Өмнө нь зөвхөн хашаалсан бүсэд хязгаарлагдаж байсан роботын орчин үүнийг давах боломжтой болсон бөгөөд хүний ажилтнуудтай хамтран ажиллах шинэ үүрэг нь роботыг аль болох “Өдөөхгүй, төвөггүй” болгоход ихээхэн анхаарал хандуулах шалтгаан болжээ.
“Бид Proteus-ийг хайр татам болгохыг хүссэн,” хэмээн Амазон роботикийн захирал Жули Митчелл тус компанийн нэгэн бараа нийлүүлэх төвд хийсэн аяллын үеэр сэтгүүлчдэд ярьжээ.
Хиймэл оюун ухааны хөгжилтэй зэрэгцэн роботын хэрэглээ улам хурдацтай нэмэгдэхийн хэрээр бид робот хүний дунд орших, эсвэл хүний роботын дунд орших утга учрыг улам их эргэцүүлэх болно. Түүнчлэн хиймэл оюун ухаант машины талаархи ёс зүйн ноцтой хэлэлцүүлэг зөвхөн “алдаг робот”-оор хязгаарлагдахгүй, “өөрийгөө устгадаг робот”-ын тухайд ч өргөжих нь гарцаагүй.
independent.co.uk