Манчестер Юнайтедын домогт тоглогч Рой Кин Расмус Хойлунд, Кобби Мeйну, Алехандро Гарначо нарыг хүчтэй шүүмжилж, Юнайтедын бараг бүх тоглогчийг зарахад ч бэлэн гэдгээ илэрхийллээ. Харин багийн түр удирдагч Рубен Аморим Хойлундыг хамгаалан ярьжээ.
Челсигийн хамгаалагч Марк Кукуреллагийн 71 дэх минутын гоол тоглолтын цорын ганц гоол болж, Стэмфорд Брижид болсон Премьер лигийн тоглолтод Ман Юнайтед улирлынхаа 18 дахь ялагдлыг хүлээлээ. Тэд ердөө нэг л удаа хаалганд цохисон байна. Энэ тоглолт нь ирэх Лхагва гарагт (Улаанбаатарын цагаар пүрэв 03:00) Бильбаод болох Тоттенхэмийн эсрэг Европын Лигийн шигшээ тоглолтын өмнөх бэлтгэл байв.
Кукуреллагийн гоолын талаар Рой Кин Sky Sports-д ярилцлахдаа:
“Гарначо зүгээр л гүйгээд өнгөрсөн. Тэр хамгаалаагүй, довтолгооныг зогсоох оролдлого ч хийгээгүй. Түрэмгий зан харагдсангүй.”
Мөн тэрбээр:
“Тэдэнд жинхэнэ довтлогч алга. Хойлунд яг л Челсигийн академиас дөнгөж гарч ирсэн хүү шиг л харагдаж байна. Түүний гүйлт, цаг барих чадвар, бөмбөгөө барих оролдлого бүгд буруу.
Бид түүнийг байнга өмөөрч, ‘итгэлгүй байгаа’ гэж хэлдэг ч довтлогч бол заримдаа өөрөө нөхцөл байдал үүсгэж, гоол оруулах эрмэлзэлтэй байх ёстой шүү дээ” хэмээн шүүмжилсэн байна.
🗣️”He looked like he’s just come out of the Academy”
Roy Keane was not impressed with Rasmus Hojlund vs Chelsea… pic.twitter.com/PKOFwKfuA8
— Sky Sports Premier League (@SkySportsPL) May 16, 2025
Расмус Хойлундын статистик: “Хангалтгүй тоглолт”
2023 оны наймдугаар сард Аталантагаас Манчестер Юнайтед багт 72 сая фунт стерлинг хүртэл үнэлэгдсэн гэрээгээр ирсэн Хойлунд энэ улиралд Премьер лигт 31 тоглолтод оролцож ердөө 4 гоол оруулаад байгаа. Тэрээр нэг хэсэгтээ 13 тоглолт дараалан гоол оруулж чадаагүй бөгөөд энэ цуврал 3 сар гаруй үргэлжилжээ.
Клубын хамт 1994-2003 оны хооронд долоон удаа Премьер лигийн аварга болж байсан Рой Кин хэлэхдээ:
“Агуу багууд, тэр дундаа Ман Юнайтед үргэлж өөрөө нөхцөл байдал үүсгэж чаддаг, авьяас, хүсэл тэмүүлэл, шийдэмгий байдал, туршлага, тоглолтын ухаалаг сэтгэлгээтэй довтлогчидтой байдаг байлаа.
Харамсалтай нь Хойлунд дээр ийм зүйл харагдахгүй байна. Түүнд тодорхой хэмжээний дэмжлэг хэрэгтэй нь үнэн, гэхдээ заримдаа өөрөө ч илүү хичээх шаардлагатай.”
Мөн:
“Хойлунд бол гурав эсвэл дөрөв дэх сонголт байх ёстой довтлогч. Тэр эхлээд мундаг тоглогчдоос суралцах хэрэгтэй. Одоогоор гол хүн байх түвшинд хараахан хүрээгүй. Итгэл, өөртөө итгэх байдал нь дутагдаж байна, дээрээс нь эргэн тойрондоо шилдэг тоглогчидтой ч биш” хэмээн шүүмжилжээ.
Аморим: “Хойлунд сайжирч байна”
Манчестер Юнайтедын түр менежер Рубен Аморим баг нь Премьер лигт долоон тоглолт дараалан хожилгүй байгаа ч Расмус Хойлундын тоглолтод сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
“Бүх багийн тоглолтыг сайжруулах шаардлагатай. Гэхдээ түүний гүйх байдал, бөмбөгийн төлөө тэмцдэг, заримдаа оноо алддаг ч, заримдаа хожиж чаддаг тэр сэтгэл зүй надад таалагдаж байгаа,” хэмээн арваннэгдүгээр сард томилогдсон португал мэргэжилтэн хэллээ. Тэр мөн багийн үр дүн удахгүй сайжрахгүй бол явж магадгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
“Холбоо харилцаагаа сайжруулах шаардлагатай ч тэр ахицтай байна. Хичээж, шаргуу ажилласаар байвал сайн өдрүүд ирнэ.”
Манчестер Юнайтедын шилжилтүүд
Рой Кин энэ зун зөв үнэ санал болговол зарахгүй тоглогч бараг байхгүй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Хэрвээ тэд Европын Лигт түрүүлбэл ирэх улиралд Аваргуудын Лигт оролцох юм.
“Бруно Фернандеш шууд санаанд орж байна. Тэр үнэхээр гайхалтай тоглогч,” хэмээн хуучин ахлагч Кин хэлээд мөн “Гарначо яригдаж байгаа. Харри Магуайрыг хар л даа.”
“Хаалгач Андре Онанагийн талаар ч томоохон шийдвэр гаргах хэрэгтэй болно. Багт дэлхийн түвшний довтлогч зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ хэн эдгээр тоглогчдыг авах вэ гэдэг нь чухал.”
“Гарначо, Мeйну, Хойлунд энэ гурван тоглогч дээр найдах боломжгүй. Мeйну талбай дээр зүгээр алхаж байгаа юм шиг харагдсан, зарим дамжуулалт нь тун хайнга байсан. Гарначо туршлага дутмаг… тоглолт бүрт тогтвортой оролцдоггүй.” гэв.
Магуайрын гоол хүчингүйд тооцогдов
Английн хамгаалагч Харри Магуайр Челсигийн эсрэг тоглолтод гоол оруулсан ч хажуугийн шугамын шүүгч болон VAR-ийн хосолсон шийдвэрээр хүчингүйд тооцогдлоо. Тэрээр Бруно Фернандешийн зүүн жигүүрээс дамжуулсан бөмбөгийг торгуулийн талбай дотроос хүчтэй цохиж гоолдсон ч баяр нь удалгүй талаар болсон юм.
101greatgoals.com