Эхнийх нь Петр байсан. Загасчин Симон нэрээр амьдарч байсан тэрээр Есүс Христийн анхны шавь нарын нэг болж, хожим Ромын Тибр мөрний цаад эрэг дээрх нэгэн некрополисд буюу “Үхэгсдийн хот”-д оршуулжээ. 1930-аад онд судлаачид түүний бунханы үлдэгдлийг өнөөдрийн Гэгээн Петрийн сүмийн яг доороос илрүүлсэн байдаг. Харин Ватиканы ханы доор байрлах өөр нэг хэсгийг саяхан олон нийтэд нээлттэй болгосон байна.


Петрийн залгамжлагчид болох анхны пап лам нар Ромын эзэнт гүрний хавчлагад өртөж, нууцаар гүнзгий катакомбууд дунд оршуулуулдаг байжээ. Эдгээр катакомбууд нь Аппиан зам дагуу хэдэн милийн турш үргэлжилдэг бөгөөд гүн харанхуй, чийгтэй орчин нь эртний христчүүдийн амьдралын төлөө дөл гэрэлд нуугдаж байсан түүхийг амьд мэт мэдрүүлнэ.
Харин Христийн шашныг төрийн шашин болгосон анхны Ромын эзэн хаан Константин Гэгээн Петрийн оршуулсан газарт анхны сүмийг байгуулжээ. Энэ газар сүүлд дахин дахин өргөтгөгдөж, Микеланжелоор удирдуулсан сүр жавхлант Гэгээн Петрийн сүм болон хувирсан юм. Өдгөө дэлхийн католик шашны гол төв болсон энэхүү сүмийн доорх бунхан 90 гаруй пап лам, мөн Европын зарим хаадын оршуулгын газар болжээ.

Түүхэн дэх хамгийн сонирхолтой явдлуудын нэг нь Пап Формозусын (891–896 онд хаанчилсан) оршуулгатай холбоотой. Тэр нас барснаас долоон сарын дараа залгамжлагч нь түүнийг булшнаас гарган, папын хувцастай шүүхэд оруулсан байна. Гэм буруутайд тооцогдсон Формозусын цогцсыг элэгдсэн хувцастай болгож, баруун гарын гурван хурууг нь тайрч, Тибр мөрөнд хаяжээ. Гэвч цогцос доош урсаж ирж, гайхамшиг үйлдсэн гэх яриа гарсан тул олны бослого дэгдэж, тухайн үеийн папыг унагаасан юм. Эцэст нь Формозусын шарилыг буцаан Гэгээн Петрийн сүмд оршуулжээ.
Ромын булшлагдсан хаад, хатдын тоонд Шведийн хатан Кристина, Английн хаан ширээг горилогч Стюартынхан багтдаг. Мөн Гэгээн Петрийн сүмийн хажууд байрлах бяцхан Теутон оршуулгын газарт янз бүрийн язгууртнууд оршуулагджээ. 1983 онд сураггүй алга болсон Ватиканы оршин суугч Эмануэла Орландийг хайх ажиллагааны үеэр 2019 онд энэ газарт хоёр герман гүнжийн булшийг нээсэн ч, хоосон байсан нь улам олон асуултыг төрүүлсэн юм.


Өдгөө Пап Франциск 265 дахь өмнөх пап лам нарынхаа замналыг залгасан. Тэрээр сонгогдсон мөчөөсөө эхлэн Ватиканы уламжлалыг эвдэгч байсан: кардиналуудтайгаа хамт автобусанд сууж буцсан, байрныхаа төлбөрийг өөрөө төлсөн, харин ордонд биш, Ватиканы жирийн зочид буудалд амьдарсан. Зуны тансаг харш болох Кастел Гандольфог олон нийтэд нээж, өөрөө тэнд суухаас татгалзсан.

Тиймдээ ч түүний оршуулгын хүсэлт уламжлалт хэв маягийг эвджээ. Гурван давхар авс, алт мөнгөөр чимэглэсэн ёслолын оршуулга бус, энгийн модон авсанд, газар дээр байрлуулан гурван өдрийн турш олон нийтэд үзүүлжээ.

Хамгийн сонирхолтой нь, Франциск өөрийгөө Гэгээн Петрийн сүмд бус, Ромын Эсквилин толгод дээр байрлах Гэгээн Мариягийн Их Сүмд (Santa Maria Maggiore) оршуулахыг хүссэн байна. 1679 оноос хойш энэ сүмд оршуулуулсан анхны пап болж байгаа юм. Энэхүү сүм нь 432 онд баригдсан бөгөөд хамгийн эртний Бурханы эх Мариягийн дүрслэлийг хадгалсан мозаик зураг, Бүх дэлхийн Энх тайвны хатан хаан хэмээх алдартай иконы ордон болжээ.


Франциск энэхүү сүмтэй онцгой холбоотой байсан. Тэрээр гадаад айлчлалынхаа өмнө ба дараа үргэлж энд залбирдаг байсан бөгөөд хамгийн сүүлд 2022 онд Украйны дайныг дуусгахын төлөө залбирч байв.

Өөрийн ном болох El Sucesor (Залгамжлагч) номондоо Франциск нэгэн жижиг хаалганы тухай дурдсан нь түүний сүүлчийн амралтын газрыг тодорхойлох санаа өгсөн гэдэг. Энэхүү хаалганы цаана лааны суурь хадгалах жижигхэн өрөө байсныг хараад, “Энд л оршуулъя” гэж шийдсэн байна.
Түүний хүсэлтээр булшинд тусгай чимэглэлгүй, зөвхөн “Franciscus” хэмээх латин нэр бичигдэнэ. Оршуулгын зардлыг сүм биш, нэгэн хандивлагч гаргах аж.
Эзэнт гүрнүүд, хаад ноёд, пап лам нар ирж буцсан ч Ром хот болон христийн шашны гол уламжлал болсон нас баралт, оршуулга, дахин амилал гэсэн ойлголт үеэс үед хадгалагдсаар байна. Пап Францискийг энгийн бөгөөд даруухан оршуулсан нь энэ хоёр мянган жилийн уламжлалын шинэ өнгө аясыг нэмсэн хэрэг байлаа.
nationalgeographic.com