Эзэнт гүрнүүд яагаад нуран унадаг тухай асуулт олон хүний сонирхлыг татдаг. Гэвч энэ асуултын хариултыг хайхдаа тэдний төсөөлөл хэтэрч, Ромын эзэнт гүрэн зэрэг эртний улс гүрнүүдийн мандан бадрал, мөхлийг цаг уурын өөрчлөлт, тахал өвчинтэй холбон тайлбарлах нь сүүлийн жилүүдэд ихээр гарч ирсэн. Үүний дүнд “536 он амьдрахад хамгийн хүнд жил байсан” гэх мэт яриа ихэд гарсан байна.
Тухайн жилд галт уулын дэлбэрэлт болж, дэлхийн зарим бүс нутагт нарны гэрэл халхлагдан тоосон бүрхүүл үүссэн. Үүний дараагийн арван жилд хэд хэдэн галт уул дэлбэрснээр дэлхийн дундаж температур буурсан гэж үздэг. Мөн МЭ 541-544 оны хооронд зүүн Ромын эзэнт гүрэн буюу Византийн эзэнт гүрэнд анхны, хамгийн аймшигт тахал дэгдэж, сая сая хүн амиа алджээ.
Судалгаагаар зүүн Газрын дундад тэнгисийн бүсэд тоосон бүрхүүлээс үүдэлтэй нөлөөллийн талаар ямар ч бичгийн эх сурвалж байхгүй болохыг тогтоосон бөгөөд Юстиниан тахлын цар хүрээ, үргэлжлэх хугацааны талаар маргаантай хэвээр байна. Гэсэн хэдий ч цаг уурын өөрчлөлт болон тахлын дэгдэлт нь зүүн Ромын эзэнт гүрэнд гамшиг дагуулсан гэдэгт итгэдэг эрдэмтэд олон бий.
Харин манай судалгаа, 11-р сард нийтлэгдсэн бүтээлд эдгээр үзэл ташаа болохыг харуулсан. Учир нь тус дүгнэлтүүд нь тусгаарлагдсан зарим олдвор, жижиг кейс судалгаанаас үүдэлтэй бөгөөд үүнийг бүхэл Ромын эзэнт гүрэнд хамаатуулжээ.
Ромын эзэнт гүрний захирч байсан өргөн уудам нутаг дэвсгэрээс авсан том хэмжээний өгөгдлийг ашиглахад өөр дүр зураг илэрсэн. Манай судалгаагаар VI зуунд уналт байгаагүй, харин ч зүүн Газрын дундад тэнгисийн бүсэд хүн ам, худалдаа дээд түвшинд хүрсэн болохыг харуулсан.
Судалгаанд олон улсын болон бүс нутгийн бичил, том хэмжээний өгөгдлийг ашигласан. Бичил хэмжээний өгөгдөлд жижиг бүс нутгуудын судалгааг багтааж, тухайн бүс нутгийн уналт яг хэзээ эхэлснийг тодорхойлсон. Жишээ нь, өнөөгийн Израилын нутаг дэвсгэрт орших хойд-баруун Негевийн цөл дэх Элуза хэмээх эртний хотын судалгааг дахин хянасан.
Өмнөх судалгаагаар уг газар нутгийн уналт VI зууны дунд үеэс эхэлсэн гэж үздэг байв. Гэвч органик материалын насыг тогтооход ашигладаг нүүрстөрөгч-14 арга болон керамик материалын өгөгдлийг дахин шинжлэхэд энэ дүгнэлт буруу болох нь тогтоогдсон. Уналт VII зууны үед л эхэлжээ.
Томоохон хэмжээний өгөгдөлд археологийн хайгуул, малтлага болон хөлөг онгоцны ослын шинэ мэдээллийн сангуудыг багтаасан. Хайгуул, малтлагын мэдээллийн санд хэдэн арван мянган дурсгалт газар орсон бөгөөд тэдгээрийг түүхэн үеүүдийн бүс нутгийн хэмжээн дэх өөрчлөлтийг зураглахад ашигласан.
Хөлөг онгоцны ослын мэдээллийн сан нь хагас зуун жил тутамд хөлөг онгоцны ослын тоог харуулсан. Энэ нь далайн худалдааны хэмжээний өөрчлөлтийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн.
Далайн худалдааны өөрчлөлт (150–750 он)
Манай судалгааны үр дүнгээс Израил, Тунис, Йордан, Кипр, Турк, Египет, Грекийн орчин үеийн нутаг дэвсгэрийг хамарсан олон бүс нутагт археологийн өгөгдлүүд хоорондоо өндөр хамааралтай байсныг харуулсан. Мөн өгөгдлийн төрөл бүрийн хоорондын хамаарал хүчтэй байсан.
Бага хэмжээний тохиолдлын судалгаа болон том хэмжээний мэдээллийн сангууд аль аль нь VI зуунд зүүн Ромын эзэнт гүрэнд хүн ам, эдийн засгийн уналт байгаагүйг харуулсан. Үнэндээ тухайн үед хөгжил цэцэглэж, хүн ам нэмэгдсэн бололтой. Уналт VII зуунд эхэлсэн тул цаг уурын гэнэтийн өөрчлөлт болон тахалтай холбох боломжгүй юм.
Ромын эзэнт гүрэн VII зуунд хүч чадлынхаа оргилд хүрсэн байсан бололтой. Гэвч тэдний буруу тооцоо, Персийн эсрэг тулалдаанд ялагдсан явдал нь уналтын шалтгаан болж, хоёр эзэнт гүрэн сулран Исламын мандалд хүргэжээ.
Энэ бүхэн нь тухайн үед зарим бүс нутгуудад цаг уур өөрчлөгдөөгүй гэсэн үг биш. Жишээ нь, VI зууны дунд үед Скандинавын орнуудын материаллаг соёлд илэрхий өөрчлөлт гарч, ихээхэн тооны суурин газрууд уналтад орсон нь цаг уурын өөрчлөлт илүү гүнзгий байсан гэдгийг харуулж байна.
Орчин үеийн цаг уурын хямрал
Гэхдээ өнөөгийн цаг уурын хямрал өнгөрсөн үеийн өөрчлөлтүүдээс хамаагүй томоохон нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Түүхэн үеийн байгаль орчны хэлбэлзлээс эрс ялгаатай энэ хандлага дэлхий ертөнцийг бидний мэдэх байдлаар нь эргэлт буцалтгүйгээр өөрчлөх чадалтай.
livescience.com