Манчестер Юнайтедын менежер Рубен Аморим Английн цомын тавдугаар шатанд баг нь шалгарсан ч тоглолтод шүүмжлэлтэй хандав.
Юнайтед Лестерыг сүүлчийн мөчид Харри Магуайрын гоолоор хожсон ч маргаантай нөхцөл байдал үүссэн юм.
Лестерт тоглож байсан төвийн хамгаалагч Магуайр нэмэлт цагт мөргөж гоолдсон ч тэр илт оффсайд байрлалд байсан. Гэвч тэмцээний эхний шатуудад VAR ашиглахгүй байгаа тул тус гоол хүчин төгөлдөр болж, талбайн шүүгч Юнайтедын дөрвөн тоглогч оффсайд байрлалд байсныг анзааралгүй өнгөрөөжээ.
Аморим ялалтыг хүлээн зөвшөөрсөн ч Олд Траффорд дахь тоглолтыг тааруухан болсныг хэлэв. Энэ нь түүний энэ улирлын дараах ярилцлагуудад байнга дурдагдаж буй зүйл юм.
Тэрбээр:
“Бид эцсээ хүртэл итгэх хэрэгтэй байсан ч энэ тоглолт Фергигийн үеийнхтэй огт холбоогүй. Бид бөмбөгтэй болон бөмбөггүй байхдаа хамаагүй дээр тоглох шаардлагатай.”
“Бид эхний хагаст эрч хүчгүй байсан. Хоёрдугаар хагаст бага зэрэг хурдтай, хоёр дахь бөмбөгөө авах чадвартай болж тоглосон. Ингээд эцэст нь эргүүлж чадсан ч сайн үр дүн боловч сайн тоглолт биш байлаа.”
“Баг муу тоглож, ахиц гарахгүй байгаа бол хамгийн түрүүнд дасгалжуулагч хариуцлага хүлээнэ. Бид тоглолтоо судалж, сайжруулахын тулд ажиллах ёстой.”
“Жижиг зүйлс их чухал. Заримдаа бөмбөгөө хянах, эхний даралтад бөмбөгөө алдахгүй байх гэх мэт жижиг зүйлс шийдвэрлэх үүрэгтэй. Бид энэ бүхнийг даван туулах ёстой, дараагийн тоглолтод үүнийг хийхийг хичээнэ.”
Лестерийн дасгалжуулагч Рууд ван Нистелрой энэхүү шийдвэрт гайхаж, тоглолтыг “оффсайд цаг” гэж нэрлэн хошигножээ.
Тэрбээр:
“Бид Фергигийн нэмэлт цагт биш, оффсайд цагт хожигдлоо.”
“VAR хэрэглэж байгаа бол хэдхэн сантиметр, инчийн зөрүүг илрүүлдэг. Гэтэл энэ бол хагас метрийн зөрүү байсан, шугам дээр илэрхий харагдаж байлаа. Баг маань тэнцэх эрхтэй байсан. Цаг сунгасан бол юу болохыг хэн мэдэх вэ?”
“Багийн тоглолт маш сайн байлаа, тоглолтын эхэнд Юнайтедыг идэвхтэй шахаж, бөмбөгтэй үед тогтвортой тоглосон. Эхний хагаст 1:0-ээр тэргүүлэх эрхтэй байсан. Хоёрдугаар хагаст тэд бидэнд дарамт үзүүлэх нь тодорхой байсан ч үнэндээ тийм ч олон боломж гаргаагүй.”
“Цаг сунгаж, нэмэлт цагт өрсөлдөж, магадгүй торгуулийн цохилтоор шийдэх боломжтой байсан. Манай түвшинд ийм шийдвэрийг хүлээн зөвшөөрөх үнэхээр хэцүү.”
101greatgoals.com