2030-аад оны үед НАСА Ангараг руу сансрын нисгэгчдийг илгээхээр төлөвлөж байна. Энэхүү 21 сарын урт хугацааны аялал нь хүний эрүүл мэндийг тогтвортой байлгах зэрэг олон сорилттой нүүр тулах юм. Гэхдээ өмнө нь боломжгүй мэт санагдаж байсан нэгэн шийдэл сүүлийн үед эрчээ авч байна: Өвөлжих байдал буюу торпор.
Өвлийн улиралд олон хөхтөн амьтад торпорын байдалд орж, биеийн температурыг бууруулан, бодисын солилцоо болон тархины үйл ажиллагааг удаашруулж энерги хэмнэдэг. Гэвч хүн төрөлхтөн ийм чадваргүй. Учир нь бид хангалттай хэмжээний өөх тос хуримтлуулах, бага энерги болон тархины үйл ажиллагааны түвшинд ажиллах, эсвэл биеийн температурыг хэт их бууруулах нөхцөлийг даван туулж чаддаггүй.
Германы Грайфсвалдын их сургуулийн зоологич Жеральд Керт хулгана сарьсан багваахайн өвөлжилтийн талаар судалгаа хийдэг. Эдгээр сарьсан багваахай нь хүрэн баавгай гэх мэт том амьтдаас илүү жижиг, судлахад хялбар байдаг.
Лабораторийн шинэ туршилтаар Керт болон түүний багийнхан сарьсан багваахай, хүний улаан эсүүдийн хүйтэн нөхцөлд ажиллах байдлын томоохон ялгааг олж илрүүлсэн байна. Сарьсан багваахайн эсүүд хүйтэнд огцом өөрчлөгдөж, хүчилтөрөгчийг оновчтой ашиглах замаар амьтан хүйтэн нөхцөлийг тэсвэрлэх чадвартай болдог байна.
“Хүнийг торпорын байдалд оруулах мөрөөдөл биднийг урамшуулсан” гэж энэхүү судалгааг хамтран зохиогч, Керт хэлжээ. Судалгаа саяхан Proceedings of the National Academy of Sciences сэтгүүлд нийтлэгдсэн байна.
“Бид одоо шинэ, гайхалтай үр дүнд хүрээд байна. Үүний талаар илүү ихийг ойлгохыг хүсэж байна” гэж тэрээр онцолсон байна.
Эсийн гайхамшигт чадварууд
Грайфсвалдын их сургуулийн ойролцоох ойд судлаачид өвөл том сүргээрээ өвөлждөг 35 зэрлэг шөнийн сарьсан багваахайг барьж судалжээ. Лабораторид эдгээр амьтдын цусыг авч, дараа нь ойд нь буцаан тавьсан байна. Мөн багийнхан ойролцоох амьтны өвчний судалгааны төв болох Фридрих Лёффлерийн хүрээлэнгээс Египет жимсний сарьсан багваахайн цус, хүний цусны бүртгэлээс дээж цуглуулжээ.
Судалгааны баг гурван төрлийн нийт хагас сая гаруй улаан эс цуглуулсан бөгөөд тусгай программ ашиглан эдгээр эсүүдийг сунгаж, шахах үед хэрхэн ажилладагийг харьцуулан шинжилжээ.
“Хүн болон сарьсан багваахайн улаан эсийг ингэж нарийвчлан харьцуулсан судалгаа өмнө нь хийгдэж байгаагүй” гэж Керт онцолсон байна.
Европ, Ази, Хойд Африкт өргөн тархсан шөнийн сарьсан багваахай нь өвөл 19 градус Фаренгейт (-7 градус Цельсийн) хүйтэн нөхцөлд амьд үлдэхийн тулд өвөлждөг.
Судлаачид эдгээр гурван төрлийн улаан эсүүдийг гурван температурт хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг ажиглажээ: 98.6 градус Фаренгейт (хүний болон сарьсан багваахайн биеийн дундаж температур), 73 градус Фаренгейт (өрөөний температур), мөн 50 градус Фаренгейт (шөнийн сарьсан багваахай өвөлжиж эхэлдэг температур).
Температур буурах тусам сарьсан багваахай болон хүний улаан эсүүд илүү зузаан, хатуу болж байсан ч сарьсан багваахайн улаан эсүүдийн зузаан нь хатуулагтай харьцуулахад илүү их нэмэгдэж байв. Өөрөөр хэлбэл, температур буурах тусам сарьсан багваахайн эсүүдийн зузаан ба хатуулагийн харьцаа нэмэгдэж байжээ. Харин хүний эсүүдийн энэ харьцаа огт өөрчлөгдөөгүй. (Сарьсан багваахайн өвчинд тэсвэртэй чадваруудын талаар уншаарай.)
Судлаачид эдгээр илүү хүчирхэг сарьсан багваахайн эсүүд нь нэг том давуу талыг бий болгодог гэж үзэж байна. Өөрчлөгдсөн эсүүд нь бага температурт уушгины хялгасан судас болон булчинд илүү удаан хугацаагаар тогтож, хүчилтөрөгчийн шингээлт, тархалтыг нэмэгдүүлж, биеийн бүхий л хэсэгт хүргэх боломжтой болгодог.
Кертийн хэлснээр, Египет жимсний сарьсан багваахай өвөлждөггүй ч өвөг дээдсээсээ өвлөн авсан эсийн энэхүү дасан зохицох чадвараа хадгалсаар байгаа байх магадлалтай ажээ.
Тулгарч буй сорилтууд
Хэрэв судлаачид сарьсан багваахайн улаан эсийн мембраныг дуурайсан байдлаар хүний эсийг өөрчлөх боломжтой бол энэ нь хүн төрөлхтөн өвөлжих чадвартай болох алхамд ойртох юм.
“Энэхүү судалгаа нь хүнийг торпорын байдалд оруулах олон жижиг хэсгүүдийн нэг хэсэг юм” гэж Германы Отто фон Гуэрикегийн их сургуулийн сансрын анагаах ухааны чиглэлээр ажилладаг молекул биологич Маркус Крюгер хэлжээ. Тэрээр уг судалгаанд оролцоогүй ч байр сууриа илэрхийлсэн байна.
“Гэхдээ чухал олон асуулт хариултгүй хэвээр байна. Хүнийг хэрхэн өвөлжүүлэх вэ? Энэ нь өөх хуримтлуулах, хоолны хязгаарлалт хийх, эсвэл эм зүйн дэмжлэг ашиглах замаар хийх зүйл үү?” гэж Крюгер тодотгов.
Хүн торпорын байдалд орохоос өмнө эсүүдийг хатуулагтай харьцуулсан зузааныг нэмэгдүүлэхийн тулд ямар нэгэн эмийн төрлийг ашиглах боломж байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна. (Өвөлждөг баавгайн судалгаа чихрийн шижинг эмчлэхэд хэрхэн тусалдаг талаар уншаарай.)
Мэдээж, хүн Ангараг руу явахаас өмнө бусад олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Сансрын аялал нь цацрагийн туяанд өртөх, бие махбод болон булчингийн хатингаршилт үүсэх, тасралтгүй хязгаарлагдмал орчинд байх зэрэг бэрхшээлүүдтэй. Түүнчлэн хүнс, түлшний хангамжийг авч үзвэл Ангараг руу явах, буцах аялалд нийт 70 орчим хөлөг онгоц шаардлагатай гэж тооцоолжээ.
Гэсэн хэдий ч уг судалгаа сонирхолтой ахиц дэвшил байж болохыг Флорида мужийн Майамигийн их сургуулийн гематологич Миккаел А. Секерес онцолжээ.
“Энэ нь хүнийг удаан хугацаагаар торпорын байдалд байлгах боломжийн талаархи санааг дэвшүүлж байна. Мэдээж, Alien киноны сансрын нисгэгчдийнхээс илүү үр дүнтэй байхыг хүсэж байна!” гэж Секерес хошигносон байна.
nationalgeographic.com