Финикс Санс энэ зун Кевин Дурантыг арилжаалах төлөвтэй байгаа бөгөөд тэд энэхүү арилжааны хариуд багт нь уян хатан байдал бий болгох саналд анхаарах магадлалтай. Ингэснээр баг нь хоёр дахь апроны (NBA-ийн багуудын цалингийн дээд хязгаарыг давсан тохиолдолд үүсдэг, бүрэлдэхүүнд шинэ тоглогч авах, арилжаа хийх боломжийг хязгаарладаг тусгай санхүүгийн босго) дарамтаас чөлөөлөгдөж, Девин Бүүкерийг тойруулан бүрэлдэхүүнээ илүү үр дүнтэй сайжруулах арга замууд нээгдэнэ.
Санс баг улирлын сүүлчийн амралтын өдрөөс өмнө плейоффын өрсөлдөөнөөс албан ёсоор хасагдсан бөгөөд багийн нийт цалин болон тансаг хэрэглээний татвар нийлээд 400 сая ам.доллараас давсан байна.
Тэдний авч үзэж буй загварыг өнгөрсөн зун Лос Анжелес Клипперс ашиглаж байв. Клипперс зөвхөн Пол Жоржийг дахин гэрээлээгүй төдийгүй, түүнийг арилжаалж багтаа хөрөнгө (assets) авчрах боломжийг ч зориудаар ашигласангүй. Харин ч хоёр дахь апроноос доош орох зорилгыг түлхүү тавьж, улмаар чөлөөт агентын зах зээлд идэвхтэй оролцож чадсан бөгөөд өнөөдөр Баруун бүсийн плейоффын өрсөлдөөнд багтаж чадсан байна.
ESPN-ийн сэтгүүлч Брайан Уиндхорст “First Take” нэвтрүүлгийн үеэр:
“Кевин Дурантыг арилжаалахдаа Санс баг уян хатан байдлыг бодитоор авч үзэхээс өөр аргагүй болно. Энэ бол NBA-д шинээр үүсч буй ойлголт. Та намайг ингэж хэлэхэд ‘Юу яриад байгаа юм бэ? Би дөрвөн драфтын эхний эрх, гурван авьяаслаг залуу тоглогч, эсвэл All-NBA түвшний тоглогч авахыг хүсч байна’ гэж бодож болох юм.
Гэхдээ би хэлэхэд, тэд Дурантыг ‘шоронгоос мултрах’ гэж байгаа мэтээр буюу хоёр дахь апроноос гарахын тулд арилжаалахаар ноцтой авч үзэх магадлалтай. Энэ нь тэдэнд бүрэлдэхүүнээ өөрчлөх, шинэчлэх уян хатан боломжийг олгоно. Учир нь өнөөдөр тэдэнд багтаа гар хүрэх ямар ч боломж байхгүй болчихоод байна.
Уиндхорст цааш нь:
“2024-25 оны хамгийн амжилттай багуудын нэг нь хэн бэ гэвэл – Лос Анжелес Клипперс. Та ‘Тэд Пол Жоржийг бүр арилжаалсан ч үгүй, зүгээр явуулсан’ гэж хэлэх байх. Гэхдээ энэ бол мөн л арилжаа байсан. Тэд Жоржийг Голден Стэйт Уорриорст арилжаалж ч болох байсан, эсвэл sign-and-trade хийж болох байсан. Гэхдээ тэд ‘Бид хоёр дахь апронд дахин байх боломжгүй. Багтаа уян хатан байдал эргүүлэн олж авах нь цорын ганц гарц’ гэж үзсэн.
Ингээд тэд Пол Жоржид ‘Баярлалаа, амжилт хүсье’ гэж хэлээд, багтаа үлдсэн одуудыг илүү нийцтэй бүрэлдэхүүнээр хүрээлүүлэн бүрдүүлж чадсан. Энэ бол уян хатан байдлыг зөв ашигласны жишээ.”
Тэр мөн нэмж хэлэхдээ:
“Ирэх саруудад энэ сэдвийг бид олон дахин ярих болно. Trade Machine-руугаа орох бүрт та Кевин Дурантыг яаж уян хатан байдлын үүднээс арилжаалах вэ гэдгийг бодох хэрэгтэй болно. Учир нь өнөөгийн нөхцөл байдал үнэхээр эмх замбараагүй.”
Дурант шинэ багтаа шилжихдээ хаашаа явах тал дээр тодорхой хэмжээнд хяналт тавихыг хүсч, гэрээгээ сунгах нь бараг л тодорхой гэж үзэж байгаа ч, энэ нь тийм ч амархан шийдэгдэхгүй бололтой.
“Кевин Дурантыг зүгээр л дуусах гэж буй гэрээтэй тоглогч мэт авч үзэх багууд ч байж магадгүй,” хэмээн Уиндхорст тайлбарлав. “Тэр ирэх улиралд 55 сая ам.доллар авах ёстой. Зарим баг түүнийг ердөө нэг улирлын түрээс гэж авч магадгүй. Эсвэл цалингийн дарамтаасаа гарахын тулд Дурантыг ашиглах ч тохиолдол гарч болзошгүй.
Энэ нь Дурант тоглогчийн хувьд хэр сайн тоглодог вэ гэдэгтэй хамаагүй. Харин энэ бол 55 сая ам.долларын цалинтай, гэрээ сунгахыг хүсч буй тоглогчийг, шинэ цалингийн хатуу дүрэмтэй (апронуудтай) эрин үед хэрхэн арилжаалах вэ гэдгийн бодит тусгал юм.
Тиймээс Кевин Дурантын арилжаа бол зөвхөн нэг тоглогчийн биш, харин 2025 оны шинэ бодит байдалд дасан зохицож буй багуудын стратегийн шалгуур болон хувирах бололтой.
basketball.realgm.com