Ливерпүүл багийн довтлогч Мохамед Салахын гоол оруулаагүй дөрвөн тоглолт олон хүний анхаарлыг татаж байгааг багийн дасгалжуулагч Арне Слот “Салах ямар өндөр түвшинд тоглодгийг харуулсан магтаал” хэмээн хүлээж авах ёстой гэж үзэж байна.
Фулхэмийн эсрэг тоглолтод Салах онцгой нөлөө үзүүлж чадаагүй бөгөөд энэ ялагдлаар Ливерпүүл Премьер лигийн тэргүүн байрны онооны зөрүүг 14 болгож өсгөх боломжоо алдсан юм. Тэрбээр тоглолтын хоёрдугаар үед нэг боломжийг ашиглаж чадалгүй бөмбөгийг хаалганы дээгүүр цохисон. Үүнээс өмнө ч тэрбээр ПСЖ-тэй хийсэн Аваргуудын лигийн тоглолт, Ньюкаслтай хийсэн EFL цомын шигшээ тоглолтод болон дунд долоо хоногт Эвертоныг хожсон Мерсисайд дербид мөн гоол оруулаагүй байна.
Гэсэн ч Салах энэ улиралд Премьер лигийн мэргэн буучдын жагсаалтыг 27 гоолоор тэргүүлж байгаа ба нийтдээ бүх тэмцээнийг нийлүүлээд 32 гоолтой байна.
Салахын хувьд өөрийн өндөр стандарттай харьцуулахад гоолгүй энэ үеийг BBC Sport сувгаар Арне Слотоос асуухад тэрбээр:
“Хүмүүс үүнийг ярьж байгааг тэр магтаал хэмээн хүлээж авах хэрэгтэй. Учир нь түүний өмнөх амжилтууд ердийн зүйл биш байсан,” хэмээв.
“Сайхан нь гэвэл Мо өөрийгөө ямар тоглогч болохыг сайн мэддэг. Тэр дахин гялалзах болно, би түүн дээр огтхон ч санаа зовохгүй байна.”
Ливерпүүл тоглолтын эхэнд Алексис Мак Аллистерын алсаас хийсэн гайхалтай гоолоор тэргүүлэл авсан ч, хагас цаг хүрэхгүй хугацаанд хамгаалалтын алдаа гаргаж, Фулхэм хожлын үндсийг тавьжээ. Энэ үед Райн Сессеньон, Алекс Ивоби, Родриго Муниз нар дараалан гоолдсон бол Ливерпүүл Луис Диасын 72 дахь минутын гоолоор зөрүүг ойртуулсан ч тэнцээг авч чадсангүй.
“Бид нэг тоглолтод, тэр тусмаа 15 минутын дотор гурван гоол алдах нь тун ховор. Энэ бол бидний стандарт биш,” хэмээн Слот онцолсон юм.
“Бид тэр гоолуудыг зогсоож болох байсан. Бид сайн эхлүүлсэн ч хоёрдугаар үед л илүү бодит Ливерпүүлийг харуулсан.”
“Тоглолтын төгсгөлд бид боломж хойноос боломж үүсгэж байсан. Гэсэн ч эхний үед хийсэн гурван алдаагаа засах цаг дутав.”
101greatgoals.com