Голден Стэйт Уорриорс багийн од Стефен Кэрри зүүн гуяны арын булчингаа сунгасны улмаас Миннесота Тимбервулвзийн эсрэг хоёрдугаар шатны плэйоффын хоёр, гурав дахь тоглолтыг өнжсөн ч нөхцөл байдал сайжирч магадгүй байна.
ESPN-ийн сэтгүүлч Шамс Чараниагийн мэдээлснээр, Кэрри хамгийн эртдээ зургаа дахь тоглолтод эргэн ирэх боломжтой гэж тооцоолж байгаа аж. Сан-Францискод эмчилгээ хийлгэж буй тэрээр одоогоор бүрэн ачаалалтай бэлтгэл хийх, гүйх зөвшөөрөл аваагүй ч багийн зүгээс эдгэрэлтийн явц эерэг байвал буцаж нэгдэх боломжтой гэж найдаж байна.
“Хөдөлгөөн хийх, мөргөлдөөн даах, гүйх, спринт хийх түвшинд хүрэх хүртэл Кэррид хийх ажил их байна. Лхагва гарагт дахин хянаж үзнэ. Тэр болтол Уорриорс баг өнөөдөр эсвэл даваа гарагт хожил авч цувралыг сунгахыг зорьж байна” хэмээн Чараниа ярьжээ.
Түүний хэлснээр зургаа дахь тоглолт Кэрригийн хувьд талбайд гарах хамгийн эрт хугацаа байж болох ба тав, зургаа дахь тоглолтын хооронд дөрвөн хоног байгаа нь нөхөн сэргэх боломж олгож буй юм. “Голден Стэйт багийнхан зургаа дахь тоглолтыг Кэрригийн эргэн ирэх эхний цонх гэж үзэж байгаа. Энэ нь түүнд анхны тоглолтод авсан бэртлээс хойш нийт 12 хоногийн эмчилгээний хугацаа олгоно” гэж тэр нэмж хэлжээ.
Энэ төрлийн булчингийн гэмтэл нь Кэрригийн 16 жилийн НБА-гийн карьер дахь анхны тохиолдол тул багийн зүгээс маш болгоомжтой хандаж байгаа аж. “Түүний хувьд ийм төрлийн булчингийн гэмтэл анх удаа тохиож байгаа. Тиймээс энэ гэмтэлд болгоомжтой хандах шаардлагатай” гэж Чараниа онцолсон байна.
The latest on injured Golden State Warriors superstar Stephen Curry for ABC NBA Countdown: pic.twitter.com/deyarWATuY
— Shams Charania (@ShamsCharania) May 11, 2025
Түүнгүйгээр тоглосон гурав дахь тоглолтод Уорриорс баг Миннесотад 102-97 харьцаатай ялагдаж, цувралд 2-1-ээр хожигдож байгаа. Жимми Батлер 33, Жонатан Куминга 30 оноо авсан ч сүүлийн үед довтолгоо гацаж, Дрэймонд Грийн хожлын мөчид торгуулийн алдаа авч талбайгаас гарсан нь ялагдалд нөлөөлөв.
Цуврал үргэлжлэхийн хэрээр Уорриорс баг аваргын найдвараа хадгалахын зэрэгцээ Кэрригийн нөхөн сэргээлтэд онцгой анхаарах шаардлагатай болж байна. Хэрэв тэр зургаа дахь тоглолтод эргэн ирж чадвал Уорриорс уг боломжийг ашиглан дараагийн шат руу тэмүүлэхэд бүх хүчээ дайчлах болно.
Миннесота цувралыг тэргүүлж байгаа энэ үед Голден Стэйтийн хувьд дөрөв дэх тоглолт шийдвэрлэх ач холбогдолтой. Хожигдвол цувралд 3-1-ээр хоцрох тул хурдан сэргэж, ялалт байгуулах нь тэдний плэйоффын найдварын түлхүүр байх болно.
talkbasket.net