Аваргуудын лигийн эрхийн төлөөх өрсөлдөөнд байр сууриа ахиулах шаардлагатай “Астон Вилла” баг улирлын төгсгөлд хамгийн нөлөө бүхий тоглогчоо алдаж болзошгүй болоод байна.
The Athletic мэдээлснээр, хагас хамгаалагч Юри Тилеманс булчингийн гэмтлийн улмаас улирлын сүүлийн гурван тоглолтыг өнжиж магадгүй гэнэ. Тэрээр тавдугаар сарын 25-нд “Манчестер Юнайтед”-ын эсрэг болох улирлын сүүлчийн тоглолтод оролцох боломжтой ч энэ нь тун бага магадлалтай байгаа аж.
Одоогоор “Астон Вилла” Премьер лигийн хүснэгтийн 7-р байранд бичигдэж байгаа бөгөөд гурван тоглолт үлдээд буй энэ үед 4-р байрны “Ньюкасл” болон 5-р байрны “Челси”-гоос гуравхан оноогоор хоцорч байна. Энэ улиралд эхний таван баг Аваргуудын лигт шалгарах учир Виллагийн хувьд бүх зүйл боломжтой хэвээр.
Гэсэн ч ирэх бямба гарагт “Борнмут”-ын талбайд зочлох хүнд тоглолтын өмнө Тилеманс шиг тоглогчийг алдах нь тэдний боломжид томоохон нөлөө үзүүлж болзошгүй.
Бүтээлч тоглолтын гол хөдөлгүүр
Юри Тилеманс 2024–25 оны улиралд “Астон Вилла”-гийн довтолгооны гол хөдөлгүүр байсаар ирсэн. Түүний Премьер лиг дэх 7 гоолын дамжуулалт нь Морган Рожерсийнхээс нэгээр бага ч, багийнхаа тоглолтыг урагшлуулах чиглэлээр хэнээс ч илүү ажилласан байна.
Тэрбээр энэ улиралд 59 түлхүүр дамжуулалт (цохилтоор төгссөн дамжуулалт) хийсэн нь лигийн хэмжээнд 7-р үзүүлэлт болж байгаа бол дайн гурав дахь бүс рүү хийсэн дамжуулалт 228 удаа бүртгэгдсэн нь дээд амжилтад тооцогдож байна.
Мөн довтолгооны чиглэлтэй дамжуулалт (прогрессив дамжуулалт) 234 удаа гүйцэтгэсэн нь нийт лигт 5-р байрт бичигдэж буй үзүүлэлт юм. Дээрээс нь Тилеманс бөмбөгөө эргүүлэн авах тал дээр ч идэвхтэй оролцсон бөгөөд 57 удаа багтаа бөмбөг эргүүлэн авчирчээ — энэ нь бүх лигт долоон тоглогчоос л дутуу тоо юм.
Ачаалал хэт их байв уу?
Гэхдээ түүний гэмтэл энэ бүх ачааллын үр дүн байж магадгүй. Тилеманс, Олли Уоткинс хоёр энэ улиралд Премьер лигийн бүх 35 тоглолтод оролцсон багийн ганцхан тоглогчид юм. Үүн дээр нэмээд баг нь Английн цомын хагас шигшээ, Европа лигийн шөвгийн наймд шалгарсан нь Тилемансын тоглолтын тоог 52 хүргэсэн.
Энэ хэмжээний тоглолт түүний бие махбодид нөлөөлж, улирлын хамгийн чухал мөчид гэмтэлд хүргэжээ. Тэр талбайн гадна байх хугацаандаа “Астон Вилла” дараалсан хоёр улирал Аваргуудын лигт тоглох боломжоо алдаж болзошгүй байна.
101greatgoals.com