Европын лигийн хагас шигшээ тоглолтын хариу тоглолтын өмнө Тоттенхэм баг хүнд мэдээ хүлээн авлаа. Багийн довтолгооны гол хүч болсон Жэймс Мэддисон өвдөгний бэртлийн улмаас улирлын үлдсэн тоглолтуудыг өнжихөөр болсон байна.
Английн шигшээ багийн хагас хамгаалагч өнгөрсөн долоо хоногт болсон Бодо/Глимт-ийн эсрэг тоглолтод гоолдож, 3–1 харьцаатай ялалтад чухал хувь нэмэр оруулсан. Гэсэн ч тухайн тоглолтод бэртэл авсан бөгөөд багийн ахлах дасгалжуулагч Анже Постекоглу түүнийг улирлын турш талбайд эргэн гарахгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ.
“Мэддисон улирлын үлдсэн хэсгийг өнжинө. Түүний хувьд үнэхээр харамсалтай. Багт жинхэнэ түлхэц өгч байсан тоглогчийн нэг. Гэхдээ энэ бол манай улирлын өнгийг илтгэх зүйл” хэмээн Постекоглу хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Мөн багийн ахлагч Сон Хын Мин мөн адил бэртлийн улмаас энэ тоглолтод оролцохгүй. Тэрбээр хөлний гэмтлээсээ бүрэн эдгээгүй байгаа бөгөөд хамгийн ойрын тоглолтуудад хэсэг хугацаанд тоглох магадлалтай гэгдэж байна.
Харин довтлогч Доминик Соланке гуяны булчингийн асуудлаасаа бүрэн эдгэрч, багийн бэлтгэлд бүрэн оролцож буй бөгөөд хариу тоглолтод оролцох боломжтой болжээ.
Тоттенхэм баг маргааш Норвегид Бодо/Глимт-ийн талбайд зочилж, Европын лигийн шигшээ тоглолтод шалгарах эсэхээ шийдэх юм. Тэд дараагийн шатанд шалгарвал Манчестер Юнайтед эсвэл Атлетик Бильбао багуудын аль нэгтэй финалд тоглох болно.
101greatgoals.com