АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зөвшөөрөлгүйгээр тараасан ил задгай дүрс бичлэг, тэр дундаа хиймэл оюун ухаанаар үүсгэсэн deepfake, өш хонзонгийн зорилгоор тараасан хувийн шинжтэй порн бичлэгийг гэмт хэрэгт тооцох шинэ хуульд өнөөдөр гарын үсэг зурахаар төлөвлөж байна. “Take It Down Act” нэртэй уг хуулийг Бүгд Найрамдах намын сенатор Тед Круз, Ардчилсан намын сенатор Эми Клобучар нар хамтран санаачилжээ.
Хуульд зааснаар, хохирогчийн зөвшөөрөлгүй нийтэлсэн дүрс бичлэгийг бодит эсэхээс үл хамааран нийтэлсэн этгээд торгууль, шоронд хорих ял, хохирлыг нөхөн төлүүлэх хариуцлага хүлээнэ. Мөн сошиал платформууд болон цахим үйлчилгээ үзүүлэгчид хохирогчоос мэдэгдэл хүлээн авснаас хойш 48 цагийн дотор тухайн материалыг устгаж, дахин нийтлэгдсэн хувилбаруудыг ч устгах арга хэмжээ авах үүрэгтэй болно.
Уг хууль нь АНУ-ын зарим мужид хэрэгжиж буй төстэй журмуудыг холбооны хэмжээнд өргөтгөж буй анхны тохиолдол болж байна. Энэ хүрээнд интернет компаниудыг илүү их хариуцлагад татах нөхцөл бүрдэж буй.
Тэргүүн хатагтай Мелания Трамп энэхүү хуулийн төслийг идэвхтэй дэмжиж, Конгрессын хэлэлцүүлэгт нөлөө үзүүлжээ. Сенатор Круз SnapChat компани хиймэл оюунаар бүтээсэн, 14 настай охины дүрс бичлэгийг бараг нэг жилийн хугацаанд устгахгүй хойшлуулсан талаар сонссоныхоо дараа уг санаачлагыг эхлүүлсэн хэмээн мэдэгдсэн байна.
Гэсэн ч үг хэлэх эрх, цахим эрхийн байгууллагууд хуулийн хүрээ хэт өргөн байгаа бөгөөд хууль ёсны агуулга тухайлбал, насанд хүрэгчдэд зориулсан контент болон засгийн газрыг шүүмжилсэн бүтээлүүд цензурт өртөх эрсдэлтэй гэж анхааруулж байна.
techcrunch.com