Хиймэл оюун ухааны салбар нийгмийн томоохон хэсгүүдийг “өөрчлөх” тухай амлалтыг өгч ирсэн. Харин энэ амлалт хамгийн хурдтай, гүнзгий нөлөөлж байгаа салбар бол АНУ-ын боловсролын систем юм. Боловсролын салбар “өөрчлөгдсөн” нь үнэн. Гэхдээ энэ нь ахиц дэвшил гэхээсээ илүү үндэс суурийг нь ганхуулсан, нийгмийн ирээдүйд хүртэл аюул учруулахуйц хямрал болж хувирч байна.
New York Magazine сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн өгүүлэл энэ хямралын бодит төрхийг харуулжээ. Тус нийтлэлд дурдсанаар, Колумбийн их сургуульд элссэн Чунжин “Рой” Ли гэх оюутан ChatGPT ашиглан элсэлтийн эсээгээ бичүүлсэн бөгөөд их сургуулийн хичээлд огтхон ч ач холбогдол өгдөггүй гэдгээ ил тод хэлсэн байна.
“Их сургуулийн ихэнх даалгавар ач холбогдолгүй. AI ашиглаад амархан шийдэж болдог. Тиймээс хийх сонирхолгүй байсан” хэмээн тэрээр хэлжээ.
Тэрбээр нэр хүндтэй их сургуульд орохдоо сургалт, боловсролд бус, ирээдүйн хамтрагч, эхнэртэйгээ танилцах боломж хайж очсоныг ч нуусангүй. Энэ нь боловсролыг өөрийгөө хөгжүүлэх хэрэгсэл биш, харин нийгмийн капитал, харилцаа тогтоох суваг гэж үзэх хандлага түгээмэл болсныг харуулж байна.
AI боловсролын утгыг нь алдуулж, жинхэнэ мэдлэгээс хөндийрүүлж байна
404 Media сайтын судалгаанд дурдсанаар, ChatGPT нь АНУ-ын боловсролын салбарын “Хамгийн том сорилт” болоод байгаа аж. Олон мужийн сургуулиас FOIA хуулийн дагуу олж авсан мянга мянган хуудас баримтаас харахад, AI-г дэмжигч зөвлөхүүд сургуулиудад хандан энэ технологийг сургалтад нэвтрүүлэхийг идэвхтэй уриалж байсан байна.
Жишээлбэл, Луизианагийн Боловсролын газар “ChatGPT болон AI боловсролд” нэртэй илтгэлийг авч үзсэн бөгөөд үүнд “Хуулбар ба хууран мэхлэлтийн ойлголтыг дахин авч үзэх цаг болсон,” “AI-г ангид ашиглах 20 арга,” “Даалгаврыг зөвхөн ангид бичих нь сурагчдыг хохироож болзошгүй” гэх мэт зөвлөмжүүд орсон байжээ. Энэ нь AI-аас шалтгаалсан боловсролын уналтыг “шинэчлэл” болгон ойлгуулах гэсэн оролдлого байв.
Гэвч бодит байдал дээр AI нь оюутан, багш аль алинд нь сөргөөр нөлөөлж байна. Саяхан New York Times-т гарсан нийтлэлд зарим багш AI ашиглан хичээлийн төлөвлөгөө боловсруулж буйг дурдсан. Тэгвэл оюутнууд AI ашиглан даалгавраа хийж байна. Ингэснээр аль аль нь “хялбар замыг” сонгож, бодит суралцах, сэтгэх чадвараа алдаж байна.
Хэрэглэх тусам улам тэнэгрэх тойрог
Эцэст нь хэлэхэд: AI-г ашиглаж буй хүн бүр улам бүр тэнэг болж байна. Илүү их AI хэрэглэвэл, илүү их хамааралтай болно. Ингэснээр технологийн салбарын “захиалгаар үйлчилгээ үзүүлэх” бизнес загвар боловсролд ч орж ирлээ. Гэхдээ энэ удаад захиалга нь мэдлэг, оюун ухаан болж байна.
Таны сэтгэх чадвар буурах тусам, та улам л AI-д найдах болно. Эцэст нь Neuralink, Apple зэрэг компаниудын хөгжүүлж буй мэдрэлийн чипүүдийн тусламжтайгаар хиймэл оюун ухаан хүний тархинд шууд холбогддог болно. Тэр үед сургууль, боловсрол, багш гээд бидний мэддэг тогтолцоо орших шаардлагагүй болно. Бид бүгд нэгэн цогц сүлжээний хэсэг болон хувирах цаг ойртож байна.
Хиймэл оюун ухаан дэвшил мөн үү, эсвэл сүйрэл үү? Бид одоо л шийдэх цаг ирлээ.
gizmodo.com