Red No. 3 гэж юу вэ?
Энэ бол албан ёсоор Red No. 3 гэж нэрлэгддэг улаан өнгийн будагч бодис юм.
Ямар хүнс, эмэнд агуулагддаг вэ?
Энэ будагч бодисыг чихэр, жимсний шүүс, амттан, Maraschino интоор, гүзээлзгэний амттай сүүн ундаа зэрэг хүнсэнд түгээмэл ашигладаг. Мөн ханиадны сироп зэрэг эмэнд агуулагддаг.
Яагаад хориглосон бэ?
Лабораторийн туршилтаар эрэгчин хархуудад уг будагч бодисын өндөр тунгаар өртөх үед бамбай булчирхайн хавдар үүсч байгааг тогтоожээ. Гэхдээ FDA-гийн мэдээлснээр, энэ нь зөвхөн хархуудад тохиолддог гормоны механизмаас шалтгаалдаг бөгөөд хүмүүст ийм нөлөө үзүүлнэ гэсэн нотолгоо байхгүй. Гэсэн хэдий ч АНУ-ын Хүнс, Эмийн Хуульд заасан Delaney Clause-ийн дагуу хүн болон амьтанд хорт хавдар үүсгэж болох бодисыг хориглох заалтыг мөрдөж уг будагчийг хориглосон байна.
АНУ яагаад ийм удаан хугацаанд хориглоогүй вэ?
FDA нь 1990 онд Red No. 3-ыг гоо сайхны бүтээгдэхүүн, гадуур хэрэглэдэг эмэнд хэрэглэхийг хориглосон. Харин Европын Холбоо 1994 онд, Калифорни муж 2023 онд хүнсэнд ашиглахыг хоригложээ. FDA хүнсний нэмэлт болон бохирдуулагчтай холбоотой хүнсний аюулгүй байдлыг хангах тал дээр хангалттай анхаарч чадаагүй байж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Уг будагчийг хэр ихээр хэрэглэх нь хортой вэ?
Судалгаанд ашигласан тун нь хүний өдөр тутамд хэрэглэдэг хэмжээнээс хавьгүй өндөр байв. Уг будагч бодисын хүлцэх дээд хэмжээ нь өдөрт 1 кг жинд 0.1 мг гэж тооцогддог. Жишээлбэл, энэ нь хүүхдэд 12 ширхэг улаан резинэн чихэр, насанд хүрэгчдэд 36 ширхэгтэй тэнцэнэ. Гэхдээ мэргэжилтнүүд нийтдээ хиймэл будагч бодис хэрэглэхээс зайлсхийх нь эрүүл мэндэд илүү аюулгүй гэж зөвлөж байна.
Бусад хиймэл будагч бодис эрүүл мэндэд эрсдэл учруулж болох уу?
Red No. 3 нь хамгийн их судлагдсан будагч боловч Red No. 40 зэрэг бусад улаан будагч бодисууд ч эрүүл мэндэд эрсдэлтэй гэж үздэг. Зарим судалгаагаар эдгээр будагч бодис нь ADHD зэрэг зан үйлийн эмгэгтэй холбоотой байж болзошгүй гэж дурджээ.
Хиймэл будагчтай хүнснээс зайлсхийх хэрэгтэй юу?
Ерөнхийдөө хиймэл будагчтай хүнс, эмийг бага хэмжээгээр хэрэглэх нь дээр. Хэрэв тухайн бүтээгдэхүүний өнгө байгалиасаа үүсээгүй бол хиймэл бодис байж магадгүй тул болгоомжтой байхыг зөвлөж байна. Хиймэл будагчийн оронд манжин, лууван, эсвэл шавьжнаас гарган авсан байгалийн будагч ашиглах нь илүү аюулгүй.
Бусад эрүүл мэндийн зөвлөмж
Хиймэл будагч агуулсан хүнс нь ихэвчлэн хүүхдүүдийг татах зорилгоор тод өнгөтэй байдаг бөгөөд эдгээр хүнс их хэмжээний сахартай байх нь элбэг. Хорт хавдрын урьдчилан сэргийлэх үүднээс нийт илчлэгийн 10 хувиас бага хэмжээтэй сахартай хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Мөн аль болох боловсруулаагүй, байгалийн хүнс хэрэглэх нь эрүүл мэндэд эерэг нөлөөтэй.