Бодит ба үлгэрийн, урлаг ба арилжааны, эрх чөлөө ба хяналтын зааг дээр тэнцвэр хадгалах — энэ бол домогт Хонконг найруулагч Цуй Харкийн хувьд зүгээр нэг кино хийх бус, орчин үеийн кино урлагийн олон давхар бодит байдал дунд хийж буй тэмцэл юм.
Саяхан Итали улсын Удине хотод зохион байгуулагдсан Зүүн Азийн кино наадамд “Алтан үхрийн мод” амжилттай шагнал хүртсэн Цуй Харк Variety сэтгүүлд ярилцлага өгч, “Legends of the Condor Heroes: The Gallants” киноны бүтээлийн ар тал болон өнөөгийн Ази кино урлагт нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар илэн далангүй ярьжээ.
1980-аад оны Хонконгийн “Шинэ давалгаа” хэмээх урсгалыг манлайлж, “Азийн Спилберг” хэмээн өргөмжлөгдсөн түүнд Once Upon a Time in China, Detective Dee цуврал, Journey to the West: The Demons Strike Back, The Battle at Lake Changjin зэрэг алдартай бүтээлүүд багтана. Харин түүний сүүлийн бүтээл болох The Gallants нь Жин Юн зохиолчийн алдарт “Бүргэдийн баатрын домог” романд тулгуурласан бөгөөд Өмнөд Сүн улсын үе (1127–1279)-д өрнөх түүхэн тулаант кино юм.
Энэхүү бүтээлд гол дүрийн баатар Гүө Жинг тулааны урлагийн мастер болж, улсынхаа хил хязгаарыг хамгаалж, баатар хэмээн өргөмжлөгддөг. Кино олон улсын наадамд нээлтээ хийж, шагналаа авсан бөгөөд шагналыг түүний олон жилийн хамтрагч жүжигчин Тони Люүн Ка-фай гардуулсан байна.
Цуй Харк энэ удаа тулаант үлгэрийн төрөл жанрт дахин хөл тавьж, өмнөх бүтээлүүдээсээ илүү бодит мэдрэмжтэйгээр бүтээхийг зорьсон гэжээ. “Би энэ удаа илүү реалист хандлага баримтлахыг хүссэн,” хэмээн тэр хэлсэн бөгөөд, “Кино хийхэд эхлээд нэг зорилго тавьдаг, гэтэл явц дунд бодол, төсөөлөл өөрөө таныг залдаг.”
Тэрээр энэ бүтээл нь үзэгчдийг гайхшруулахуйц байх ёстой гэж үзэж байна. “Энэ кинон дээр өмнөх бүтээлүүдээсээ тэс өөр маягаар тулааны хэсгүүдийг загварчилж үзсэн. Бодит болон төсөөллийн дундах хослол байхаар бүтээсэн” хэмээн тайлбарлав.
Цуй Харк өөрийн уран бүтээлийн эхэн үе болох Cinema City студи болон A Chinese Ghost Story зэргийн эрин үеэс хойш Хонконг киноны хөгжлийн өөрчлөлтийн талаар эргэн дурсав. “Бид хэзээ ч системээс гарч чаддаггүй. Энэ систем гэдэг нь заавал цензур гэсэн үг биш. Энэ нь зах зээл, арилжааны хүлээлт ч мөн адил” хэмээн тэр хэлжээ. Бүтээлч байдалд нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг нь санхүү, хөрөнгө оруулагчдын шаардлага гэж тэр үзэж байна.
Цензурын тухайд тэр “мэдээж хэрэг, энэ бол бидний үргэлж тулгардаг өөр нэг систем” хэмээн онцолж, бэлгийн агуулга, ёс суртахууны хязгаар зэрэг “хийж болохгүй” сэдвүүдийн талаар дурджээ.
Интернэт орчны нөлөө мөн адил сорилт учруулж буйг тэр хүлээн зөвшөөрч:
“Энэ бол зөвхөн миний асуудал биш. Энэ бол дэлхийн бүх найруулагчидтай холбоотой асуудал. Интернэт бүх зүйлийг өөрчилж байна.”
Хонконг кино урлагийн ирээдүйн чиг хандлагын талаар асуухад Цуй Харк:
“Бид анхнаасаа ямар нэг юм өөрчлөх гэж биш, харин чин сэтгэлээсээ, өөрийн бүтээлч стандартыг дагаж эхэлдэг байсан,” гэж хариулсан.
“Кино зохиолоос эхлэх үед тэр бол зүгээр нэг текст. Харин кино гэдэг бол бүх зүйлийг агуулсан урлаг. Хийх явцад анхны төлөвлөгөөнөөс тэс өөр шинэ өнцгүүд нээгддэг” хэмээн тэр кино бүтээх үйл явцын тухай өгүүлэв.
Хэдий өнөөгийн Хонконгийн кино салбар олон сорилттой тулгарч байгаа ч тэр итгэл найдвараа алдаагүй хэвээр. “Бид одоогийн хүнд нөхцөл байдлаас гарч чадна гэдэгт итгэхийг хүсч байна… хил хязгаарыг давж, илүү олон үзэгчдэд хүрнэ гэдэгт найдаж байна” хэмээн ярилцлагаа өндөрлөжээ.
variety.com