Челсигийн дасгалжуулагч Энцо Мареска Европын Конференцийн лигийн шигшээ тоглолтын өмнөх хуваарьт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, өрсөлдөгч Реал Бетист давуу байдал олгосон хэмээн үзэж байна.
Испанийн клуб эцсийн тойргийн тоглолтоо баасан гарагт хийх хүсэлт гаргасныг Ла Лиг баталсан бөгөөд ийнхүү тэд тавдугаар сарын 28-нд Польшид болох шигшээ тоглолтын өмнө хоёр хоногийн нэмэлт амралт авах боломжтой болсон.
Харин Челси улирлынхаа сүүлийн тоглолтыг Ноттингем Форестийн эсрэг ням гарагт хийхээр төлөвлөгдсөн хэвээр байна. Тус тоглолт нь Премьер лигийн эцсийн тойргийн бүх тоглолт нэг зэрэг болох хуваарийн хүрээнд багтсан бөгөөд Европын финалын өмнөх 72 цагт таарч байгаа юм.
Мареска энэ ялгаа нь бэлтгэлд ноцтой нөлөөлнө хэмээн үзэж, сэтгэл дундуур байгаагаа нуулгүй хэлжээ.
Тэрбээр:
“Би огтхон ч сэтгэл хангалуун биш байна. Европын финалын өмнө өрсөлдөгч багт 48 цагийн илүү амралт өгнө гэдэг байж боломгүй зүйл” хэмээн мэдэгджээ.
A decisive week ahead. 👊
— Chelsea FC (@ChelseaFC) May 19, 2025
Мареска сэтгэл дундуур хэвээр байгаагаа илэрхийлж,
“Бид баасан гарагт тоглох эсвэл тэд ням гарагт тоглох хэрэгтэй. Энэ шийдвэр Ла Лиг, Премьер лиг эсвэл УЕФА-гаас гарсан эсэхийг би хэлж мэдэхгүй. Гэхдээ энэ өрөөнд байгаа хүмүүст ‘шигшээ тоглолтын өмнө нэг багт 48 цагийн нэмэлт бэлтгэлийн хугацаа өгөх нь хэвийн үү?’ гэж асуувал, үгүй гэж хариулах нь тодорхой” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Уг тэнцвэргүй хуваарь нь УЕФА болон дотоодын лигүүдийн уялдаа холбооны асуудлыг хөндөж байна. Ла Лиг Реал Бетисийн хүсэлтийг зөвшөөрч, тоглолтыг нь урагшлуулсан бол Премьер лигийн хувьд Европын эрхийн төлөө болон доод хэсэгт өрсөлдөж буй багуудын шударга өрсөлдөөнийг хангах үүднээс улирлын сүүлийн тойргийн бүх тоглолтыг нэг зэрэг эхлүүлэх журамтай байдаг.
Бэртэл, гэмтэлтэй холбоотой асуудлууд үргэлжилсээр
Тоглолтын хуваарьтай холбоотой бухимдлаас гадна Челсигийн хувьд бэртлийн асуудал ч дарамт болж байна. Кристофер Нкунку болон Марк Гиу нар бэлтгэлдээ эргэн нэгдсэн ч бүрэн эдгэрээгүй, тоглоход бэлэн эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
“Нкунку, Гиу нар бэлтгэлд оролцож эхэлж байгаа ч 100 хувь бэлэн биш байна” хэмээн Мареска мэдэгдлээ.
Челсигийн ирэх улирлын Европын эрх ирэх хэдэн өдрөөс хамаарна
Хэрэв Челси Премьер лигт эхний таван байранд орж чадвал Аваргуудын лигт оролцох эрхээ баталгаажуулна.
Харин энэ зорилгодоо хүрч чадахгүй бол Конференцийн лигт түрүүлснээр Европын лигт өрсөлдөх эрх авах боломжтой. Гэхдээ дээрх хоёр хувилбар аль аль нь биелэхгүй бол дараа улиралдаа гуравдугаар түвшний тэмцээнд буюу дахин Конференцийн лигт тоглох эрсдэлтэй нүүр тулна.