Микель Артетагийн үзэж байгаагаар, ПСЖ багт хожигдон Аваргуудын лигийн тэмцээнээс мултарсан нь “Арсенал”-ын тоглогчдод нэг өдөр энэхүү цомыг өргөхийн тулд даван туулах ёстой гашуун сургамж ажээ.
“Арсенал” Парисын “Парк де Прэнс” цэнгэлдэхэд явагдсан хагас шигшээ шатны хоёр дахь тоглолтод 2:1 (нийт 3:1 харьцаагаар) хожигдсоноор ПСЖ баг “Интер Милан”-тай Мюнхенд болох шигшээ тоглолтод шалгарлаа.
Тоглолтын эхний мөчөөс л зочин баг маш эрчтэй довтолсон ч хаалгач Жанлуижи Доннарумма хэд хэдэн гайхалтай хаалт хийж багаа аварсан юм. Үүний дараа Фабиан Руис, Ашраф Хакими нар гоол оруулж ПСЖ-д давуу байдлыг авчирсан бол, тоглолтын төгсгөл рүү дөхөх үед Букайо Сака гоол оруулан тооны харьцааг нэгээр багасгажээ.
Үүний өмнөхөн Витиньягийн торгуулийн цохилтыг хаалгач Давид Рая амжилттай хаасан ч, Сака тоог илүү ойртуулах боломжоо ашиглаж чадаагүй юм. Ийнхүү Луис Энрикегийн баг Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээний цомын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа.
Хэдийгээр ялагдсан ч Артета өөрийн багаа хоёр тоглолтын турш илүү байсан гэж дүгнэжээ.
“Юун түрүүнд ПСЖ-д шигшээд шалгарсанд баяр хүргэе. Илүү тайвширсан үедээ тоглолтын талаар дэлгэрэнгүй дүгнэх ч, тоглолтын дараа тэдний сэлгээний суудлаас шууд сонссон зүйл бол бид тэднээс хавьгүй илүү тоглосон гэдэг үг байлаа” гэж Артета ярьсан байна.
Keep your heads held high, Gooners.
We’ll be back. pic.twitter.com/96aKCnO7Go
— Arsenal (@Arsenal) May 7, 2025
“Хоёр тоглолтыг харвал талбай дээр тэдний хамгийн шилдэг тоглогч нь хэн байсан бэ? Мэдээж хаалгач нь байсан. Тэр энэ тоглолтод ялгааг бий болгосон. Бид маш ойрхон байлаа, үр дүн харуулж байгаагаас ч илүү ойр байсан. Харамсалтай нь бид тэмцээнээс гарлаа.”
“Би тоглогчдоороо бахархаж байна. Бид өнөөдөр эхлэлээсээ гайхалтай тоглосон, дарамтыг маш сайн давсан. Эхний 20 минутын дараа л 3:0 байх боломжтой байсан. Гэвч энэ тэмцээнд ялахын тулд заримдаа жаахан аз хэрэгтэй байдаг нь бидэнд байсангүй.”
“Арсенал” ийнхүү тав дахь жилдээ ямар ч цом хүртэж чадсангүй улирлаа өндөрлүүлэхээр боллоо. Артетагийн хэлснээр тоглогчид нь ялалтын төлөө цаашид тэмүүлэхийн тулд энэхүү ялагдлаас сургамж авч, өвдөлтийг мэдрэх ёстой ажээ.
“Би үнэхээр сэтгэл дундуур байна. Тийм ээ, бид маш ойрхон байлаа. Хоёр тоглолтын ихэнх хугацаанд тэднээс илүү тоглосон,” хэмээн тэр хэлээд “гэхдээ бид финалд хүрч чадаагүй, энэ мэдрэмж бидэнд үнэхээр гашуун сургамж болох ёстой. Хэрэв бид энэ тэмцээнд ялахыг хүсэж байгаа бол үүнийг ойлгох ёстой. Зарим зүйлийг бид өөрсдөө шийдэх ёстойг ухаарах нь чухал юм. Зүгээр л тэмцээнээс гарчихлаа гэж хүлээн зөвшөөрөхийг би хүсэхгүй байна” гэжээ.
101greatgoals.com