Хүний зүрх бол биеийн хөдөлгүүр. Тасралтгүй цохилж, цусыг шахан, амьдралыг тэтгэдэг энэ эрхтэн эрэгтэй, эмэгтэй хүмүүст өөр хэмнэлээр ажилладаг болохыг олон жилийн өмнөөс ажиглаж байсан ч яагаад гэдэг нь тодорхойгүй байсаар ирсэн юм.
Охайо мужийн их сургуулийн Векснерийн анагаах ухааны төвөөс явуулсан шинэ судалгаагаар зүрхний хэмийг удирддаг синусатриал зангилаа (SAN) нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст өөрөөр ажилладаг бөгөөд энэ ялгаа гениэс үүдэлтэй болохыг тогтоожээ.
Эмэгтэйчүүдийн зүрх яагаад хурдан цохилдог вэ?
Судлаачид хандивлагдсан хүний зүрхнүүд дээр шинжилгээ хийж, SAN эсүүдийн генийн мэдээллийг гүнзгий судалсан байна. Үр дүнд нь, эмэгтэйчүүдийн SAN-д TBX3 болон HCN1 гэх хоёр ген идэвхтэй байгааг илрүүлжээ. Эдгээр нь зүрхийг хурдан цохилуулах үйл ажиллагаанд шууд оролцдог.
Харин эрэгтэйчүүдийн зүрхэнд үрэвсэл ба коллагенийн нийлэгжилттэй холбоотой генүүд давамгайлж байв. Эдгээр нь зүрхний цахилгаан дохиог алдагдуулж, хэм алдагдах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
“Энэ нь яагаад эмэгтэйчүүд синусын хэт хурдан хэмд өртөмтгий, харин эрэгтэйчүүд тосгуурын фибрилляци, хэм тасралт зэрэг эмгэгт илүү өртдөг шалтгааныг тайлбарлаж байна” гэж судалгааны ахлах зохиогч, доктор Вадим Федоров онцолжээ.
Генийн түвшинд суурилсан оношилгоо, эмчилгээний боломж
Энэхүү судалгаа нь ирээдүйн хувийн эмчилгээний үндэс суурийг тавьж магадгүй. Одоогоор зүрхний хэм алдалттай хүмүүс эм, пейсмейкер зэрэг уламжлалт аргаар эмчлүүлдэг бол ирээдүйд эмч нар хэмийн асуудлыг үүсгэж буй генийн сүлжээг шууд оношилж, эмчлэх боломжтой болох юм.
“Генийн хэв маягийг ойлгосноор илүү үр дүнтэй, хүйс болон хувь хүний онцлогт нийцсэн эмчилгээ хөгжүүлэх боломж нээгдэж байна” хэмээн судалгаанд оролцсон доктор Нин Ли дурджээ.
Судалгааны дараагийн шат
Судлаачид үүгээр зогсохгүй, нас, амьдралын хэв маяг эдгээр генийг хэрхэн өөрчилдөг талаар дараагийн шатны судалгаа хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хүн бүрийн зүрх яагаад өөр өөр хэмнэлээр цохилдог, тэр хэмнэл амь насыг хэрхэн аварч болохыг илүү нарийвчлан судлах болно.
Энэхүү судалгааг АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн, Leducq сан, мөн зүрхний дутагдал ба хэм алдалтад чиглэсэн анхны төв болох Bob and Corrine Frick төвөөс санхүүжүүлжээ. Судалгааны үр дүнг Circulation Arrhythmia and Electrophysiology сэтгүүлд нийтэлсэн байна.
earth.com