“Үнэнийг хайсан, хайрыг хайсан, өөрийгөө хайсан эрэл хайгуулууд маань магад шүлэг бичдэг болгосон. Энэ эрэл хайгуулын мөнхийн чиглэл эрх чөлөө, чөлөөлөлт юм шиг санагдах болов. Уудам тэнгэрт хаашаа ч яаралгүй, хэлбэргүй нүүх үүлс шиг бүхий л зүйл хүлээснээсээ чөлөөлөгдөх болтуйгай”. Яруу найрагч Б.Орхонтуяа номынхоо тухай, магад өөрийнхөө тухай ийн бичжээ. Түүний анхны шүлгийн түүвэр “Үүл” нэртэйгээр уншигчдад хүрэв. Шүлгүүд нь зөвхөн түүнд л байж болох гэгээн атлаа, хөнгөн гуниг, уран бүтээлчийн дотоод уужим амьсгал, улирал дундаас сонгож авсан зөвхөн түүний улирлын чимээг уншигчдад учирлана.