in

Apple компани iPhone 16 зэрэг шинэ бүтээгдэхүүнээ ирэх сарын 10-

Apple компани iPhone 16 зэрэг шинэ бүтээгдэхүүнээ ирэх сарын 10-нд танилцуулах төлөвтэй байгааг Bloomberg News агентлаг мэдээлэв.

Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 23-ны өдөр мэдээлснээр Apple компани шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах арга хэмжээг 9-р сарын 10-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэж буй талаар эх сурвалжаас иш татан мэдээлсэн бөгөөд одоогоор албан ёсоор уг арга хэмжээг зарлаагүй байгаа юм.

Жил бүрийн 9, 10-р сард өөрийн төв оффис болох Apple Park-даа хамгийн сүүлийн үеийн iPhone утас болон бусад шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг уламжлалтай Apple компани сүүлийн жилүүдэд ихэвчлэн 9-р сард шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсаар ирсэн билээ. Улмаар шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсны 10 хоногийн дараачаас буюу 20-ны өдрөөс эхлэн АНУ болон дэлхий даяар зарагдаж эхэлдэг билээ.

Энэ удаад танилцуулах бүтээгдэхүүнд iPhone 16, Apple Watch 10, AirPods багтаж буй юм.

iPhone 16 цувралын хувьд тансаг зэрэглэлийн Pro загвар илүү том дэлгэцтэй болсноос гадна зураг авах тусгай товчлуур гэх мэт камерын шинэ функцуудыг нэмсэн хэмээн эх сурвалжууд онцолжээ. Тэрчлэн Apple Intelligence хиймэл оюун ухааны функцийг суулгасан юм.

Гэхдээ ерөнхий загвар нь өнгөрсөн жилийн загвараас тийм ч их ялгаатай байхгүй болов уу хэмээн Bloomberg News агегтлаг таамаглав.

Харин бусад төхөөрөмжийн загварт томоохон өөрчлөлт гарах төлөвтэй байгаа бөгөөд 10 жилийн ойгоо угтаж буй Apple Watch цуврал улам нимгэн болж, илүү том дэлгэцтэй болсон аж.

Харин AirPods идэвхитэй чимээ шуугиан дарагчтай бөгөөд өргөн динамик хүрээтэй өсгөгч нь цэвэр тод дуугаралтыг мэдрүүлэхээс гадна батарейн цэнэгээ барих хугацаа нь нэмэгдсэн байна.

Эдгээр шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсны дараа буюу ирэх 10-р сард тус компани хамгийн сүүлийн үеийн M4 чипээр тоноглогдсон Mac компьютерийн шинэ цувралыг танилцуулна гэж мэдээллийн агентлаг таамаглажээ.

Эх сурвалж: YTN

What do you think?

Leave a Reply