AI ашиглан дүрс хөдөлгөөний анимэйшн бүтээдэг Cartwheel стартап шинэ хөрөнгө оруулалтын үе шатанд $10 сая ам.доллар босгосноо зарлалаа. Мөн тус компани анхны AI-д суурилсан 3D дүрс хөдөлгөөний хэрэгслүүдээ олон нийтэд танилцуулсан байна.
Хөрөнгө оруулалтыг Craft Ventures тэргүүлж, Jeffrey Katzenberg-ийн WndrCo, Ben Feder-ийн Tirta Ventures, мөн Runway зэрэг байгууллагууд оролцжээ. Өмнөх хөрөнгө оруулагчид болох Accel, Khosla, Human Ventures ч мөн оролцсон бөгөөд ингэснээр тус компанийн нийт хөрөнгө оруулалт $15.6 сая ам.долларт хүрсэн байна.
2023 онд үүсгэн байгуулагдсан Cartwheel-ийн зорилго нь анимэйшн бүтээх үйл явцыг хурдасгах явдал байсан. Одоо нийтэд нээлттэй болж буй энэ шинэ хэрэгсэл нь нэг жилийн турш хаалттай бета туршилтаар туршигдсан бөгөөд Pixar, Dreamworks Animation зэрэг студийн 8,000 уран бүтээлчийн гарт дамжсан гэж хамтран үүсгэн байгуулагч Жонатан Жарвис, Эндрю Карр нар мэдээлжээ.
Cartwheel-ийн ерөнхий шинжлэх ухаанч Карр нь OpenAI-ийн хуучин гишүүн бол гүйцэтгэх захирал Жарвис нь Google Creative Lab-ийн үүсгэн байгуулагчдын нэг юм. Мөн багт Pixar-ийн хоёр ахмад ажилтан болох анимэйшний инновацын ахлагч Кэтрин Хикс, хөдөлгөөний ахлах мэргэжилтэн Нийл Хелм нар багтжээ.
Жарвис, Карр нар хамтарсан мэдэгдэлдээ:
“Бидний шинэ хэрэгслүүд нь видео, текст болон том хэмжээний хөдөлгөөний санг ашиглан үйлдвэрлэлд бэлэн 3D дүрс хөдөлгөөний бүтээл үүсгэхэд зориулагдсан. Эдгээр нь бүрэн хэмжээний анимэйшн кино, тоглоом, нийгмийн сүлжээ зэрэгт ашиглагдах боломжтой. Анимэйшний процессыг хялбарчилж, бүтээлч уран бүтээлчдэд бүрэн хяналтаа хадгалан, ажлынхаа хурдыг эрс нэмэгдүүлэх, залхмаар ажлуудыг автоматжуулах, мөнгө хэмнэх боломжийг олгож байна” хэмээн дурджээ.
Каррын хэлснээр энэ хэрэгсэл нь мэргэжлийн 3D анимэйшний програмуудтай зохицож ажиллахаар бүтээгдсэн бөгөөд одоогийн үйлдвэрлэлийн шугамд бүрэн нийцэх боломжтой аж.
variety.com