Google компани Android хэрэглэгчдийг утасны дуудлагын үеэр үйлдэл хийлгэж залилан үйлддэг хэрэгслүүдээс хамгаалахын тулд хэд хэдэн шинэ хамгаалалтын функц танилцууллаа.
Тухайлбал, хэрэглэгч танихгүй дугаартай дуудлагад хариулсан үедээ веб хөтөч, мессежийн апп зэрэг эх сурвалжаас аппликэйшн анх удаа суулгах гэж оролдвол Android автоматаар уг үйлдлийг хориглох аж. Мөн дуудлагын үеэр ямар нэг апп-д accessibility буюу хандалтын эрх олгохыг зөвшөөрөхийг хориглож, төхөөрөмжийг хяналтдаа оруулах эрсдэлтэй апп-уудаас хамгаална.
Хэрэв хэрэглэгч ийм тохиргоо өөрчлөх гэж оролдвол “Таны төхөөрөмжийг хамгаалахын тулд энэ тохиргоо хаалттай байна” гэсэн мэдэгдэл гарч ирэх бөгөөд “Залилан хийдэг этгээдүүд апп-д хандалтын эрх авахыг хүсэх замаар таны төхөөрөмжийг удирдахыг оролдож болзошгүй” гэж анхааруулна.
Түүнчлэн Google утсаар ярих үед хэрэглэгч Play Protect үйлчилгээний аюулгүй байдлыг идэвхгүй болгохоос сэргийлдэг болсноо онцолсон бөгөөд эдгээр хамгаалалтууд нь бүгд төхөөрөмж дээрээ ажилладаг, интернет холболт шаардахгүй гэдгийг дурдсан. Шинэ функцүүдийг Android 16 үйлдлийн системтэй бүх төхөөрөмж дээр ашиглах боломжтой болжээ.
Google мөн хэрэглэгчдийг утсаар ярих үед дэлгэцээ хуваалцаж байхдаа банкны аппликэйшнээ нээхээс сэргийлэх шинэ функц туршиж эхэлснээ мэдэгдлээ. Энэхүү шинэчлэл нь дэлгэц хуваалцах замаар хийгддэг залилангаас хамгаалах зорилготой бөгөөд тухайн үед банк, төрийн байгууллага болж дүр эсгэн хэрэглэгчийг мөнгөн шилжүүлэг хийх зэрэг эрсдэлтэй үйлдэлд уруу татдаг залилангийн аргуудтай тэмцэхэд чиглэж байна.
Туршилтын хүрээнд уг функцыг Их Британид эхлүүлж байгаа бөгөөд Monzo, NatWest, Revolut зэрэг банкны аппликэйшнүүдэд нэвтрүүлж эхэлжээ. Хэрэв хэрэглэгч дэлгэцээ танихгүй хүнд хуваалцаж байхдаа банкны апп нээх гэж оролдвол Android систем “залилан байх өндөр магадлалтай” гэсэн анхааруулга бүхий цонх харуулж, дуудлагыг шууд таслах боломжтой “End Call” товч гаргах юм.
Хэрэв хэрэглэгч дуудлагыг шууд таслахгүйгээр үргэлжлүүлэхийг хүсвэл банкны апп-ийн дэлгэцийг хуваалцахаас өмнө 30 секунд хүлээх шаардлагатай болно. Энэхүү хамгаалалт Android 11 болон түүнээс хойших хувилбар дээр ажиллах бөгөөд Google “туршилтын үр дүнг үнэлсний дараа” илүү өргөн хүрээнд нэвтрүүлэх эсэхээ шийдэхээ мэдэгдсэн байна.
Эдгээр шинэчлэлүүд нь Android үйлдлийн системийн залилангаас хамгаалах боломжуудыг улам бүр сайжруулж буй бодлогын нэг хэсэг юм. Өнгөрсөн жил Google хиймэл оюун ухаанд суурилсан системээр дамжуулан дуудлага залилангийн шинжтэй эсэхийг автоматаар таньж, хэрэглэгчдэд дуудлагыг таслахыг санал болгодог функцыг нэвтрүүлсэн.
Мөн Google Messages аппликэйшнд AI буюу хиймэл оюун ухаанаар ажилладаг залилан илрүүлэх системийг нэвтрүүлсэн нь одоо улам боловсронгуй болж, илүү олон төрлийн луйврыг таних чадвартай болжээ. Үүнд хуурамч замын төлбөрийн мессежээр хувийн мэдээлэл авах оролдлого, криптовалюттай холбоотой залилан, санхүүгийн байгууллага болж дүр эсгэсэн мэхлэлт зэрэг залилангийн олон хэлбэр багтаж байна.
theverge.com/