Хүүхдийн контент бүтээдэг Red Animation Studios Испанийн Канарын арлуудын Санта Крус де Тенерифэ хотод Red Canarias нэртэй шинэ студи байгуулж буйгаа зарлалаа. Энэхүү алхам нь студийн 20 жилийн хөгжлийн түүхэнд чухал ахиц бөгөөд Европын анимэйшний зах зээлд нөлөөгөө тэлэх томоохон алхам болж байна.
Өмнө нь Перугийн Лима хотод студи ажиллуулж байсан тус байгууллага Канарын арлуудад стратегийн шинэ баазтай болсноор кино, анимэйшний үйлдвэрлэл өсөн нэмэгдэж буй бүс нутагт байр сууриа бататгаж байна. Энэхүү бүс нутаг нь найдвартай дэд бүтэц, туршлагатай, хоёр хэлтэй боловсон хүчин, мөн 54 хувьд хүрэх татварын буцаан олголт зэрэг таатай нөхцлөөрөө салбарынхны анхаарлыг татаж буй.
Тенерифэгийн студийн нээлт нь мөн Германд байрлах Seru Animation студитэй хийж буй хамтын ажиллагааг албан ёсны болгов. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “The Elkins,” “Rabbit Academy,” “My Fairy Troublemaker” зэрэг бүтээлүүдээр танигдсан Seru болон Red Animation хамтран хэд хэдэн CG бүрэн хэмжээний анимэйшн кино бүтээж, хоёр студийн технологийн чадамж болон бүс нутгийн үйлдвэрлэлийн давуу талыг ашиглах юм.
“Манай баг Rovio, Moonbug, Warner, Disney, SERU зэрэг түншүүдтэй хамтран 3000 минут гаруй 2D болон CGI анимэйшн бүтээсэн. Red Canarias студи маань энэхүү чадамжаа Европын зах зээлд ойртуулах, өөрийн контентуудын хөгжлийг түргэсгэх боломж олгож байна” гэж тус студийн гүйцэтгэх захирал бөгөөд бүтээлч удирдагч Милтон Герреро Variety-д ярьжээ.
Шинэ студийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцахаар продюсер, студийн менежер Гильермо Пераза Тенерифэд ажиллаж эхэлсэн бөгөөд Герреро болон продакшны ахлах Марие Кастанеда нарын хамт тус бүс нутагт Red Animation-ийн үйл ажиллагаа, нөлөөг улам өргөжүүлэхээр зорьж байна.
“Манай студи найдвартай байдал, бүтээлч сэтгэлгээ, техникийн өндөр түвшинд тулгуурладаг. Тенерифэ хотын хамтын ажиллагаанд суурилсан экосистем нь бидний эдгээр давуу талыг улам хөгжүүлж, шинэ авьяастнуудыг бэлтгэх төгс орчин болж өгнө” хэмээн Кастанеда онцолжээ.
Red Canarias анхны жилдээ 40 өндөр ур чадвартай ажлын байр бий болгож, орон нутгийн их дээд сургуультай хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлснээр Канарын арлыг Европын анимэйшн болон визуал эффектүүдийн төв болгож буй үйл явцыг улам түргэсгэхээр байна.
Red Animation Studios-ийн сүүлийн үеийн бүтээлд Rovio Entertainment-ийн “Angry Birds: Maker Space” (2–3-р бүлэг), “Angry Birds: Bubble Trouble” (1–2-р бүлэг), Moonbug-ийн “Crayola Crew,” SERU Animation-тай хамтарсан “My Fairy Troublemaker,” “Elfkins 2” зэрэг бүтээл багтаж байна. Мөн “KAI” нэртэй бүрэн хэмжээний анимэйшн болон “Spark of the Mechas” нэртэй цуврал зэрэг хоёр шинэ төслийг бие даан хэрэгжүүлж байгаа аж.
2005 онд үүсгэн байгуулагдсан Red Animation Studios нь хүүхэд, гэр бүлийн зах зээлд зориулсан 2000 минут гаруй өндөр чанартай контент бүтээж ирсэн бөгөөд Тенерифэд салбараа нээснээр дэлхий дахинд хүрээгээ тэлж, бүтээлч нөлөөгөө нэмэгдүүлсээр байна.
variety.com