Анх цацагдахдаа “Black Mirror” нь ойрын ирээдүйн технологийг харанхуй, гунигтай, бараан өнцгөөс харуулдаг байв. Харин 3-р улирлын “San Junipero” ангид гарсан эмгэнэлтэй хайрын түүхээс эхлэн цувралын хандлага бага багаар өөрчлөгдөж эхэлсэн. Эхний улиралуудад бүх зүйл муугаар эргэж, технологи болон хүмүүс хоёулаа ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн, увайгүй, шунахай байдлыг илэрхийлдэг байв. Харин шинэ технологи нь хүмүүсийн хамгийн муу чанаруудыг ил гаргаж буй хэрэгсэл мэт дүрслэгддэг байлаа.
Гэвч цаашдаа “Black Mirror”-ын дүрүүд илүү хүний мөн чанартай болж эхэлсэн. Зарим нь үнэхээр тэнэг, муу хүмүүс байсаар байгаа ч олонх нь зүгээр л бодлогогүй хөгжсөн технологийн уршгаар бий болсон гамшигтай нөхцөлд сайн сайхныг хийх гэж хичээж буй жирийн хүмүүс болон хувирчээ. Харин шинэ улирал энэ санааг бүр ч гүнзгийрүүлж, зарим анги нь бүр аз жаргалтай төгсгөлтэй болсон нь анзаарагдана.
“Hotel Reverie” — Ухаалаг театр ба хиймэл амьдралын зааг
Энэ шинэ чиг хандлагын хамгийн тод жишээ бол “Hotel Reverie” хэмээх анги. Алтан үеийн кино студи дампуурлын ирмэгт тулж, нэр хүндтэй киногоо дахин сэргээхээр хиймэл оюун ухаан ашигладаг стартаптай хамтран ажиллана. Киноны гол дүрд тоглох ёстой алдартнууд (Ryan Gosling, Ryan Reynolds) татгалзсан тул тэд хэзээ ч гол дүрд тоглож байгаагүй туслах жүжигчин Бранди (Issa Rae)-г сонгоно. Гэвч уг төсөл зөвхөн дүр төрхийг солих төдий биш, жүжигчин биечлэн киноны орчинд орж, бодит мэт АИ дүрүүдтэй харилцан тоглох хосгүй технологид тулгуурласан байв.
Мэдээж хэрэг, бүх зүйл төлөвлөгөөний дагуу явдаггүй. Жишээлбэл, Бранди төгөлдөр хуур тоглож чаддаггүй нь киноны өрнөлийг өөрчилж, АИ дүрүүд хүртэл бодитоор хариу үйлдэл үзүүлдэг. Үүний улмаас киноны үйл явдлыг аврахын тулд Бранди, Кимми (Awkwafina) нарын баг шийдэл эрж, бодит театрын жүжиглэлт шиг зүйл болж хувирна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь, кинонд хамт тоглож буй Дороти (Emma Corrin) Брандид бодитоор нөлөөлж эхэлж, тэдний хооронд гүн гүнзгий холбоо үүснэ. Хиймэл амьдрал, хүний сэтгэл хоёрын зааг бүдгэрсэн энэ анги нь “Her” ба “Star Trek”-ийн holodeck ангийг санагдуулахуйц, гунигтай уянгын өнгөөр төгсдөг.

“Eulogy” — Дурсамж доторх аялал
“Eulogy” анги нь “Eternal Sunshine of the Spotless Mind”-ийг санагдуулах бөгөөд гол дүр Филлип (Paul Giamatti) нас барсан хуучин найз бүсгүйнхээ виртуал дурсамжийг бүтээхийн тулд хамтдаа өнгөрүүлсэн амьдралаа эргэн харна. Энэ технологи нь зургийг виртуал орчин болгож, тухайн үеийг дахин мэдрэх боломж олгоно. AI туслахын (Patsy Ferran) хамт тэрээр өнгөрсөн амьдралаас илүү гүн гүнзгий ойлголт авч, өөрийнхөө гаргасан алдаатай нүүр тулна. Гуниг, ухаарал хосолсон энэ анги ч мөн зөөлөн, уян хатан хандлагыг хадгалсан.
“Common People” — Үүлэн доторх амьдрал
“Common People” анги нь харин илүү хошин, гэхдээ гашуун үнэн агуулсан. Аманда (Rashida Jones)-гийн тархийг үүлэн санд нөөцлөх мэс засал хийлгэснээр амь нь аварна. Гэвч энэ “үнэгүй” үйлчилгээг авснаар нөхөр Майк (Chris O’Dowd)-ийн хамтаар өссөөр буй захиалгын төлбөр, багассан үйлдлүүдтэй тэмцэх хэрэгтэй болно. Хямд багцын улмаас Аманда ажлаасаа халагдах шахаж, ухаалаг зар сурталчилгаа тасралтгүй хэлдэг болжээ. Инээдтэй хэрнээ гашуун, олон хүнд танил санагдах энэхүү анги нь харилцаа ба технологийн огтлолцлыг уран аргаар шүүмжилсэн.

Холбоотой ертөнц, шинэ үргэлжлэлүүд
Энэ улирлын бас нэг онцлог нь өмнөх ангиудтай илүү гүн холбоотой болсон явдал юм. Streamberry хэмээх Netflix-ийг дуурайсан платформ хэд хэдэн ангид гарч, мөн духан дээр наадаг төхөөрөмжийг олон ангид ижил байдлаар ашигласан байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь алдарт “Bandersnatch” ангийн үргэлжлэл болох “Plaything”, мөн “USS Callister”-ийн үргэлжлэл “Into Infinity” зэрэг шууд үргэлжлэлүүд багтсан явдал. “Plaything”-д Colin (Will Poulter) өөрийн бүтээсэн Sims-тэй төстэй тоглоомонд хиймэл оюун бүхий амьдрал үүсгэсэн бол “Into Infinity”-д “USS Callister”-ийн клонууд амьд гарахын тулд өрсөлдөөнтэй MMO орчинд тэмцэж буйг харуулна.
Хар бараан биш, хүмүүнлэг “Black Mirror”
Эдгээр өөрчлөлтүүд “Black Mirror”-ийг илүү гүн гүнзгий, хүмүүнлэг чиг хандлагатай болгосон байна. Технологийг шүүмжлэх, ирээдүйн хамгийн муу хувилбаруудыг харуулах үзэл баримтлал хэвээр ч хүний сайн сайхныг илүү тод гаргаж, үзэгчдийг дүрүүдтэй илүү холбож чаджээ. Аз жаргалтай төгсгөлүүд заавал байхгүй ч “The National Anthem” эсвэл “Shut Up and Dance”-ийн айдас төрүүлэм төгсгөлүүдээс харьцангуй зөөлөн байна. Үр дүнд нь “Black Mirror” зөвхөн технологийн талаархи анхааруулга биш, харин хүмүүс хүнд нөхцөлд ч хүн чанараа хадгалахыг хичээдэг тухай уран түүх болж хувирчээ.
theverge.com