BMW M – Бүр ч гайхалтай түвшинд
Өөрөө л бол BMW M загвар нь аль хэдийнэ хүчирхэг, сэтгэл татам “амьтан”. Харин BMW компани 2025 оны “BMW M4 CS Edition VR46” загвараар энэ түвшнээсээ давж чадсан. Энэ нь есөн удаагийн мотоциклын дэлхийн аварга, өнөөдрийн BMW Motorsport-ын албан ёсны тамирчин Валентино Россигийн 46 насны төрсөн өдрийг тохиолдуулан гаргасан хязгаарлагдмал хувилбар юм.
Домогт хүн – Валентино Росси
Росси 1997 онд 125cc ангилалд анхны дэлхийн аваргын цолоо хүртэж, “Доктор” буюу “Il Dottore” хочтой болсон. 2021 онд мотоциклын уралдаанаас зодог тайлахдаа тэрбээр нийт 9 дэлхийн аварга, 115 Гран При-н ялалтаар спортын түүхэнд нэрээ мөнхөлсөн байв. Зодог тайлмагцаа тэрбээр автомашины уралдаанд орж эхэлсэн ба BMW M4 GT3 автомашинаар BMW M Team WRT багийн бүрэлдэхүүнд багтаж, GT World Challenge Europe, FIA Дэлхийн Тэсвэр тэвчигчийн Аварга шалгаруулах тэмцээн (WEC), Ле Манны 24 цагийн уралдаан (Франц) зэрэг нэр хүндтэй уралдаанд оролцож байна.
Өөрийн нэрэндээ зохих BMW
BMW M4 CS Edition VR46 загвар нь Валентино Россигийн гайхамшигт уралдааны карьерын сүр хүчийг автомашинд шингээж, түүний нэрийг зүүж явахад үнэ цэнтэй бүтээл байхаар бүтээгджээ.
VR46 хувилбар нь анх харахад л бусад BMW M4 загваруудаас ялгарна. Энэ нь зөвхөн хоёр төрлийн тусгай өнгөтэй үйлдвэрлэгдсэнээрээ онцлог: Frozen Tanzanite Blue Metallic ба Marina Bay Blue Metallic. Машины хоёр талд гялалзсан металлик 46 дугаар байрлах бөгөөд энэ нь Россигийн нас, уралдааны дугаарыг илэрхийлнэ.
Мөн бөөрөнхий грилл-ийн хүрээ болон нэг V хэлбэрийн хайлшин обудны цэг нь Sao Paulo шар өнгөөр будсан байх бөгөөд обудны шар цэг нь дугуйны хий оруулах амны байршлыг зааж өгсөн нарийн ухаалаг шийдэлтэй.
Marina Bay Blue өнгөтэй машинуудын хувьд мөн ижил шар өнгийн зурвасууд нь хаалганы хүрээг даган орсон байдаг. Энэхүү шар өнгө нь тоормосны суппорт дээр ч мөн үргэлжлэн харагдана.
Харин карбон дээвэр нь гар аргаар будсан бөгөөд дээр нь VR46 логотой хамт Валентино Россигийн гарын үсэг байрласан байдаг.

Гоёмсог өнгө төрх салоны дизайнд үргэлжилнэ
Салоны хэсэг ч мөн адил VR46-ийн өнгө төрхийг шингээсэн. Black/Night Blue өнгийн Merino арьсан M Carbon спорт суудлууд нь Sao Paulo шар Alcantara мөрний оруулгатай. Хүрдэнд шар өнгийн оёдол болон 12 цагийн байрлалд шар тэмдэглэгээ байх бөгөөд энэ бүхэн хурд, уралдааны мэдрэмжийг илтгэнэ.
Суудлын толгойны түшлэг дээр “VR46” лого бахархалтайгаар сийлээстэй бол, төв консол дээр хязгаарлагдмал хувилбар болохыг илтгэх дугаартай хаяг байрлана — энэ машин ямар онцгой болохыг зорчигч бүрт сануулна.
Росси шиг хэзээ ч удаан явж мэдэхгүй машин
BMW M4 CS Edition VR46-ийн капотын доор 3.0 литрийн багтаамжтай, эгц 6 цилиндрт M TwinPower Turbo хөдөлгүүр бий. Хос mono-scroll турбо компрессороор 30.5 psi хүртэл шахалтын даралт үүсгэх чадвартай. Энэхүү хувилбарт зориулан тусгай хөдөлгүүрийн тохируулга хийсэн бөгөөд нийт 543 морины хүч гарган, M xDrive бүх дугуйн хөтлөгч систем болон идэвхтэй M дифференциал руу 8 шатлалт M Steptronic хурдны хайрцгаар дамжуулна.
Энэхүү уралдааны мангас 0-60 миль/цаг хүртэл ердөө 3.2 секундэд хурд авдаг бөгөөд хамгийн их хурд нь 188 миль/цаг (цахим хязгаарлалттай).
Мөн уян хатан M түдгэлзүүлэлт болон түүний эд анги болох тэнхлэгийн кинематикийн тохиргоо, тусгай дугуйн налуу өнцөг, амортизатор, нэмэлт пүршүүд, хэв гажилт багасгагч хөндлөн тэнхлэг зэрэг бүх зүйлс VR46-ийн хүчийг зам дээр хамгийн бага алдагдалтайгаар дамжуулахад зориулагдан нарийн тохируулсан.

Дүгнэлт
Мэдээжийн хэрэг, ийм ангиллын автомашин хүн бүрийн гражид багтахгүй нь тодорхой. BMW энэ загвараас дэлхий даяар ердөө 92 ширхэг үйлдвэрлэсэн бөгөөд 46 нь Frozen Tanzanite Blue Metallic, 46 нь Marina Bay Blue Metallic өнгөтэй.
Харин үнэ нь… сайн суугаад уншаарай — 155,000 ам.доллараас эхэлнэ, дээр нь хүргэлтийн зардал нэмэгдэнэ.
Энэ машин хүн бүрийн сэтгэлд нийцэхгүй байж мэдэх ч BMW-ийн үнэнч фэнүүд, Валентино Россиг хүндэлдэг хүмүүсийн хувьд бол жинхэнэ “тэнгэрт бичигдсэн хослол” юм.
Одоо танд үлдсэн ганц ажил бол ийм машинтай яаж нэг болох вэ гэдгээ олох л үлдлээ.
