Зэвсгийн технологийн хөгжлийн түүх бол хүн төрөлхтний сүйтгэх чадварыг хэрхэн улам нарийн, үр дүнтэй болгож ирсэн түүх юм. Эрт цагийн нум сумнаас эхлээд өнөө цагийн дроны цохилт, пуужингийн дайралт хүртэл хүн төрөлхтөн шинэ зэвсэг бүтээх бүртээ илүү хол тусгалтай, илүү хурдан, илүү хөнөөлтэй болгож иржээ.
Гэвч зүгээр л хүч чадлаар хэмжигдэх бус, хурд, нарийвчлал, илрэх магадлал зэрэг олон хүчин зүйлийг нэг дор хослуулж чадсан зэвсэг ховор. Энэтхэг, ОХУ-ын хамтарсан бүтээл болох BrahMos пуужин бол энэ бүх үзүүлэлтийг өндөр түвшинд хангасан, дэлхийн анхны дуунаас хурдан далайн эргийн пуужин юм.
Mach 2.8 хурдтай, нуугдмал нислэг

BrahMos нь 2001 онд анх туршигдсан бөгөөд тухайн үеэс хойш хуурай газар, тэнгис, агаарын бүх орчинд ашиглах чадвартай болж хөгжжээ. Энэ пуужин Mach 2.8 (дуунаас бараг гурван дахин хурдан) хурдаар зорилтот бай руугаа бүх нислэгийн хугацаандаа жигд хурдтайгаар ойртдог. Ийм хурдтай хөдөлж байгаа обьектыг илрүүлнэ гэдэг өнөөгийн ихэнх хамгаалалтын системийн хувьд боломжгүйд тооцогддог.
Харин хөнөөлт хүчний хувьд цөмийн хошуутай биш боловч BrahMos Aerospace-ийн мэдэгдсэнээр өрсөлдөгч пуужинуудаас ес дахин илүү кинетик энергитэй тул байнд оногдсон тохиолдолд асар их хохирол учруулах чадвартай. Үүнийг “хурд + жин” хослолын нөлөө гэж ойлгож болно.
Барууны орнуудын хувьд танил бус заналхийлэл
Энэ зэвсгийн хамгийн сонирхол татахуйц нэг шинж нь урьдчилан таамаглах боломжгүй байдал. Үүнийг доктор Судхир Кумар Мишра тайлбарлахдаа “BrahMos бол Энэтхэг, Оросын хамтарсан бүтээл бөгөөд дэлхий дээр зөвхөн бидэнд ийм шингэн түлштэй дуунаас хурдан пуужин бий. АНУ-д ч үүнтэй адил зэвсэг байхгүй” хэмээжээ.
Түүний хэлснээр BrahMos-г дэлхийн аль ч хамгаалалтын систем илрүүлж, зогсоож чадахгүй аж. Үүний зэрэгцээ пуужингийн бай онох чадвар асар өндөр гэж дүгнэгдэж байна. Зарим хувилбар нь 800 км хүртэлх тусгалтай, маш олон төрлийн бай руу чиглүүлэх боломжтой.
BrahMos-II: Hypersonic эринд хөл тавих шинэ шат

Хэдийгээр BrahMos нь өөрөө гайхалтай зэвсэг хэдий ч дараагийн үеийн хувилбар болох BrahMos-II нь илүү хурдацтай, Mach 6 буюу зургаа дахин дуунаас хурдан нисэх боломжтой hypersonic пуужин болохоор төлөвлөгдөж байгаа. Энэ нь scramjet технологид суурилсан бөгөөд анхны туршилтууд эхэлжээ. Хөгжүүлэлт дуусахад багадаа найман жилийн хугацаа шаардлагатай гэж BrahMos Aerospace мэдэгдээд байна.
Hypersonic зэвсгүүдийн давуу тал нь зөвхөн хурдаар зогсохгүй, илрэх магадлалгүй, хариу цохилт өгөх цаг хугацаа бараг үгүй болгодог. BrahMos-II энэ чиглэлд Энэтхэгийн зэвсэгт хүчнийг шинэ шатанд хүргэх зорилготой.
Хуурай газар, тэнгис, агаараас ирэх олон талын аюул
2025 оны тавдугаар сард Энэтхэгийн Агаарын хүчин “Синдоор” нэртэй ажиллагаанд BrahMos пуужинг ашиглаж, Пакистаны агаарын хөрөнгийг онилсон нь энэхүү зэвсэг стратегийн хэрэгжилтэд бүрэн нийцэж байгааг харууллаа. Энэтхэгийн арми, тэнгисийн цэргийн хүчин ч мөн уг зэвсгийг ашиглах боломжтой.
Доктор Мишра “Дайсны хөлөг онгоц BrahMos-г ердөө 2-3 км-ийн зайнаас л анзаарна. Харин энэ хугацаанд тэдэнд 12-15 секундын л хариу үйлдэл үзүүлэх боломж байдаг” гэж тайлбарласан нь тус зэвсгийн гэнэтийн довтлох чадварыг илтгэж байна.
Дүгнэлт
BrahMos бол энгийн пуужин биш. Энэ бол хурд, нарийвчлал, үл илрэгдэх байдал, олон талт хэрэглээ зэрэг үзүүлэлтүүдийг нэг дор хослуулсан шинэ үеийн зэвсэг. Hypersonic BrahMos-II гарч ирснээр дэлхийн хүчний тэнцвэрт дахин том өөрчлөлт орох магадлалтай. Энэ бол зөвхөн Энэтхэг, ОХУ-ын батлан хамгаалахын амжилт биш харин шинэ зэвсгийн эрин үеийг тодорхойлох зэвсэг юм.