COVID-19 халдвар авсны дараа олон хүн анхаарал сарниж, ой санамж муудаж, бодол нь будилаантай болж, ердийн зүйлс хийхэд ч бэрхшээлтэй болсон тухай ярьдаг. Тэдгээр нь “brain fog”-ийн шинж тэмдгүүд бөгөөд удаан хугацааны COVID-оор өвчилсөн хүмүүсийн 20-65 хувьд нь тохиолддог. Энэ өргөн хүрээний тоон үзүүлэлт нь уг үзэгдлийн талаарх мэдлэг хомс байгааг илтгэдэг. COVID-19-өөс болж энэхүү нэр томьёо түгэн хэрэглэгдэх болсон ч анх үүнийг архаг өвчтэй хүмүүсийн хүрээнд ашиглаж эхэлсэн юм.
Fibromyalgia, архаг ядаргааны хам шинж (ME/CFS), чонон яр зэрэг архаг өвчнүүдтэй хүмүүс “brain fog”-ийг гол зовиур гэж тодорхойлдог. Мөн хими эмчилгээ хийлгэсний дараа, өвчин намдаагч зэрэг эм хэрэглэсний дараа, сэтгэцийн эмгэгтэй хүмүүс ч (түүнчлэн сэтгэл гутрал, шизофрени гэх мэт) ижил шинж тэмдгийг мэдэрдэг.
Mount Sinai-ийн тархины сэтгэл зүй судлаач Жаклин Беккерийн хэлснээр эдгээр өвчнүүдтэй хүмүүсийн хувьд анхаарал төвлөрөхөд хүндрэлтэй болох, мартах, самуурах, оюун санаа удаашрах зэрэг нийтлэг шинж тэмдгүүд илэрдэг. Заримынх нь хувьд энэ нь хамгийн хүнд, амьдралд хамгийн их нөлөөлдөг зовиуруудын нэг байдаг аж. “Энэ шинж тэмдэг хүмүүсийн амьдралыг бүрэн хянах хэмжээнд хүрч болдог” гэж Беккер онцолсон.
“Brain fog” гэж юу вэ, юу биш вэ?
Эрдэмтэд одоогоор “brain fog”-ийн албан ёсны, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тодорхойлолтыг гаргаагүй байгаа. Харин олонх нь үүнийг өвчний онош бус, харин тухайн өвчний шинж тэмдгийн цогц гэж үздэг. “Урт хугацааны COVID-19 зэрэг нөхцөл байдлын үед тархины ерөнхий неврологийн шинж тэмдгийг ‘brain fog’ гэх ерөнхий нэршлээр нэрлэх болсон” гэж Беккер тайлбарлажээ.
Үүнийг олон өвчинтэй холбон тайлбарлаж буй нь “brain fog” нь анхаарал, төвлөрөл, ажлын гүйцэтгэл зэрэг тархины олон төрлийн үйл ажиллагаанд доголдол үүсгэж болохыг илтгэж байна гэж АНУ-ын Мэдрэлийн өвчлөлийн үндэсний хүрээлэнгийн эмчилгээний захирал Авиндра Нат ярьжээ. “Хэрэв тархи хэвийн ажиллахгүй байвал хүмүүс үүнийг ‘brain fog’ гэж нэрлэдэг.”
Гэсэн хэдий ч мэргэжилтнүүд “brain fog”-ийг жинхэнэ сэтгэхүйн хомсдлоос ялгадаг. Учир нь сүүлийнх нь анхаарал, ой санамжийн хэмжигдэхүйц бууралтаар тодорхойлогддог. Харин “brain fog”-ийн үед өвчтөн ийм шинж тэмдэг мэдрэх боловч эмчийн шалгалтанд энэ нь бүртгэгдэхгүй байх нь элбэг. “Энэ нь өвчтөнүүдэд маш их бухимдал төрүүлдэг” гэж Беккер хэлэв.
Зарим эмч нар уг шинж тэмдгийг зөвхөн сэтгэлзүйн шалтгаантай гэж үзэн үл тоомсорлодог. Ялангуяа архаг өвчтэй болон удаан хугацааны COVID-оор өвчилсөн хүмүүс эмч нар тэднийг ноцтой авч үздэггүй гэж мэдүүлдэг. “Урт хугацааны COVID-ийг зөвхөн сэтгэцийн эмгэгтэй холбоотой гэж үзэх хандлага бий. Энэ ойлголтыг эргэлзээнд оруулах нь чухал” гэж Беккер хэлжээ.
“Brain fog”-ийн олон төрлийн шалтгаан
“Brain fog” ижил шинжтэй боловч түүнийг үүсгэж буй шалтгаанууд харилцан адилгүй байж болохыг судлаачид хүлээн зөвшөөрч эхэлжээ. Imperial College London-ийн клиникийн судлаач Питер Денногийн хэлснээр эдгээр шалтгаанууд нь уг шинж тэмдгийг хэрхэн эмчлэхэд ч нөлөөлдөг.
Үрэвсэлтэй холбоо
Одоо судлаачид үрэвсэл “brain fog”-ийн гол шалтгаануудын нэг байж болзошгүйг олж тогтоож байна. COVID-19 нь дархлааны тогтолцоог хэт сэргээж, уг үрэвсэл нь өвчний хурц үе өнгөрсөн ч үргэлжлэх боломжтой аж.
Судалгаагаар COVID-19 нь тархины дархлааны эсүүдийг урт хугацаанд идэвхжүүлж, мэдрэлийн эсийн нөхөн төлжилтийг саатуулдаг болох нь тогтоогдсон. Зарим өвчтөнд дархлааны систем нь өөрийн тархины эсүүдийг дайрах “автоантибоди” үйлдвэрлэх болсон байдаг. Мөн судалгаагаар COVID-19-оос үүдэлтэй үрэвсэл нь тархины саарал ба цагаан эдийн эзэлхүүнийг бууруулж, сэтгэхүйн бууралтад хүргэж болзошгүйг харуулсан.
Цус-тархины хамгаалалтын хана (blood-brain barrier)-ийн алдагдал
2024 оны 2-р сард Nature сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар урт хугацааны COVID-оор өвчилсөн хүмүүсийн тархины зураглалд энэ хана “урсаж” эхэлсэн нь тогтоогджээ. Энэ нь хор, вирус, хорт бодисоос тархийг хамгаалдаг ханыг сулруулж, тархинд эдгээр хорт бодис нэвтрэн орох нөхцөл бүрдүүлж, үрэвсэл болон бодисын солилцооны доголдол үүсгэдэг гэж эрдэмтэд таамаглаж байна.
Тийм төрлийн цус-тархины хамгаалалтын алдагдал нь чонон яр, архаг ядаргааны хам шинжтэй өвчтөнүүдэд мөн ажиглагдсан.
Бусад боломжит шалтгаанууд
Хормоны түвшний өөрчлөлт (жишээ нь цэвэршилтийн үеийн эстроген бууралт), бамбай булчирхайн гормоны дутагдал, тархины гэмтлийн дараах өсөлтийн гормоны хомсдол нь мөн “brain fog”-ийн шалтгаан байж болзошгүй.
Бага хэмжээний судалгаагаар гэдэсний бичил биетний тэнцвэр алдагдах нь “brain fog”-т нөлөөлж болзошгүйг харуулжээ. Гэдэсний үрэвсэлт өвчтэй хүмүүсийн тал илүү хувь нь “brain fog”-ийн шинж тэмдгийг мэдэрсэн нь үүнийг батална. Зарим судлаачид гэдэсний бичил орчны алдагдал нь long COVID-тэй холбоотой “brain fog”-д ч нөлөөлж болохыг үзэж байна.
Гэсэн хэдий ч олон нөхцөлд “brain fog”-ийн биологийн үндсийг бүрэн ойлгож чадаагүй байна. Энэ нь өндөр чанартай судалгаа ховор байгаатай холбоотой. Жишээ нь, архаг өвдөлт ба “brain fog”-ийн холбоо одоогоор бүрхэг хэвээр байна.
“Brain fog”-ийг арилгах, оношлох
Нийтлэг шалтгаан байхгүй ч “brain fog”-ийн эсрэг хийж болох зүйл бий. Беккерийн хэлснээр дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хооллож, хангалттай унтах зэрэг амьдралын хэв маягаа сайжруулах нь нэн түрүүнд хийх алхам. Хэрэв шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэй.
Эмч нар унтахын хямрал, В витамины дутагдал, гормоны болон бамбай булчирхайн асуудлууд зэрэг эргэж засагдах шалтгаануудыг шалгаж чадна. Мөн үрэвсэл болон мэдрэлийн доройтлын шинж тэмдгийг оношлох боломжтой.
Сэтгэцийн үйл ажиллагаанд хэмжигдэхүйц өөрчлөлт орсон хүмүүст танин мэдэхүйн нөхөн сэргээх эмчилгээ үр дүнтэй байж болно. Беккерийн хэлснээр энэ нь “тархинд хөнөөлгүй хэрнээ маш их тустай эмчилгээ”. Нат энэ эмчилгээг “тархины дасгал” гэж нэрлэдэг.
Шинээр гарч ирж буй эмийн аргууд ч байна. Жишээлбэл, хими эмчилгээний дараах “brain fog”-той хүмүүст ADHD-ийн эм хэрэглэснээр үр дүн гарсан. Зарим судалгаагаар антигистамин болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй антиацид болох фамотидин эм нь үрэвслийг бууруулж, шинж тэмдгийг багасгахад тустай байж болохыг харуулсан.
Нат болон түүний баг урт хугацааны COVID-ийг эмчлэх зорилгоор дархлаа дарангуйлагч IVIG эмчилгээ (дархлааны системийн хэт идэвхжлийг дарах эмчилгээ)-г судалж байна. Цаашдаа хорт хавдрын эмчилгээнд хэрэглэгддэг дархлааны хяналтын цэгийн дарангуйлагч (checkpoint inhibitor)-ийг long COVID-ийн эсрэг ашиглах боломжийг ч судлах гэж байна.
Гэвч мэргэжилтнүүдийн санал нэгдэж буй зүйл бол: “brain fog”-ийн талаар илүү их судалгаа хийх шаардлагатай. “Хэрэв бид шинж тэмдгийг латин үгтэй онош болгон тайлбарлаж чадахгүй бол эмнэл зүй бүтэлгүйтсэн гэж үздэг ойлголт бий. Гэвч энэ бол илүү их судалгаа хийх шалтгаан болох ёстой” гэж Колин Доэрти онцолсон юм.
nationalgeographic.com