OpenAI лхагва гарагт мэдэгдсэнээр ChatGPT хэрэглэгчид одоо “бичлэгийн горим”-ыг ашиглан хурлын тэмдэглэл, штурмын хуралдаан, эсвэл өөрийн бодлыг дуугаар тэмдэглэх зэрэгт шууд тэмдэглэл хөтлөх боломжтой болжээ. Мөн ChatGPT нь Google Drive, Dropbox, Box, Sharepoint, OneDrive зэрэг үүлэн хадгалалтын платформуудад холбогдож, тэнд хадгалагдсан Excel файл болон бичиг баримтаас асуултад хариу өгөх чадвартай болжээ. Жишээлбэл: “Манай компанийн өнгөрсөн жилийн I улирлын орлого хэд байсан бэ?” эсвэл “Өнгөрсөн жил Итали аяллынхаа үеэр би хэдэн удаа усан онгоцоор зорчсон бэ?” гэх мэт.
“ChatGPT эдгээр бичиг баримтаас мэдээллийг танай байгууллагын эрхийн тохиргоог баримтлан, бүтцэд оруулж, ишлэлтэйгээр цэгцтэй танилцуулна” гэж компанийн мэдээлэлд дурджээ.
Энэхүү бичлэгийн функц нь одоогоор зөвхөн ChatGPT Team хэрэглэгчдэд (сар бүр 25 ам.долларын төлбөртэй, жилийн захиалгад 2 болон түүнээс дээш хэрэглэгч шаардлагатай) ашиглах боломжтой. Бичлэгүүдэд хугацааны тэмдэглэгээтэй ишлэл, мөн дагах ёстой үйлдлүүд багтдаг байна.
Гуравдагч талын үүлэн үйлчилгээтэй холбох боломж нь ChatGPT Team, Enterprise, болон Edu (оюутнуудад зориулсан хувилбар) хэрэглэгчдэд нээлттэй.
Эдгээр шинэ боломжууд нь OpenAI байгууллагын бизнесийн хэрэглэгчдийг татах, энтерпрайз зах зээлийг эзлэх стратегийн нэг хэсэг юм. ChatGPT-ийн албан ёсны нээлтээс хойш нэг жил хүрэхгүй хугацаанд ChatGPT Enterprise хувилбарыг 2023 онд нээсэн бөгөөд хэрэглэгчдийн тоонд Block, Canva, Estée Lauder Companies, PwC зэрэг томоохон байгууллагууд багтжээ. Үүний дараа 2024 оны нэгдүгээр сард жижиг баг, компаниудад зориулсан ChatGPT Team хувилбарыг гаргасан юм.
Одоогоор OpenAI-ийн төлбөртэй бизнес хэрэглэгчдийн тоо 3 сая-д хүрсэн нь энэ оны хоёрдугаар сард байсан 2 саяаас өссөн үзүүлэлт юм.
OpenAI нь бизнесийн томоохон хэрэглэгчдийг өөртөө татахын тулд Google, Microsoft, Amazon, Anthropic зэрэг технологийн аваргууд, гарааны компаниудтай ширүүн өрсөлдөж байна. Генератив хиймэл оюуны зах зээл ирэх долоон жилийн дотор 1 их наяд ам.долларын орлоготой болохоор таамаглагдаж буй энэ үед салбарын өрсөлдөөн эрчимжсээр байна.
theverge.com