Анх 2023 онд Warner Bros. студи татварын хөнгөлөлтийн хүрээнд бүр мөсөн зогсоохоор шийдэж байсан Coyote vs. Acme кино дахин амилж, 2025 оны Каннын кино наадмын зах зээлд албан ёсоор оролцохоор болжээ.
Энэхүү хагас анимэйшн, хагас бодит төрлийн гэр бүлийн инээдмийн адал явдалт бүтээлийн эрхийг 2024 оны гуравдугаар сард Ketchup Entertainment нэртэй студи ойролцоогоор 50 сая ам.доллараар худалдан авсан. Тус студи олон улсын борлуулалтыг Францын Парист төвтэй Kinology компанид даатгаж, дэлхийн кино худалдан авагчдад танилцуулах ажлыг найруулагч Грегуар Мелин удирдаж байна.
Кинонд Вилл Форте, Жон Сина, Лана Кондор нар тоглосон бөгөөд найруулагчаар “Teenage Mutant Ninja Turtles: Out of the Shadows”, “Earth to Echo” кинонуудын Дэйв Грин ажиллажээ. Продюсероор The Lego Movie-гийн Крис ДеФариа, Guardians of the Galaxy-гийн Жэймс Ганн нар оролцсон нь киноны уран бүтээлчдийн бүрэлдэхүүнийг хүчирхэг болгож байна.
Ketchup Entertainment-ийн гүйцэтгэх захирал Гарет Уэст:
“Бид зүгээр нэг гэр бүлийн кино авчирч байгаа биш — дэлхийн хэмжээний үйл явдлыг Каннд хүргэж байна. Coyote vs. Acme бол бүх насны үзэгчдэд зориулсан, Looney Tunes-ын өвийг хүндэтгэхийн зэрэгцээ шинэ түвшинд хүргэсэн, гайхалтай бүтээл. Найруулагч Дэйв Грин дүрслэлийн хувьд шинэлэг, сэтгэл хөдөлгөм түүхийг бүтээж чадсан. Харин Грегуар Мелин энэ киног олон улсын зах зээлд таниулах тууштай хандлага, алсын хараатай хамтрагч маань болж байна” хэмээн онцолсон.
Kinology-ийн үүсгэн байгуулагч, захирал Грегуар Мелин:
“Би Roger Rabbit киноны хамгийн том фен. Тиймээс ийм өвөрмөц, олон үеийн сонирхлыг нэгтгэсэн бүтээлийг дэлхийн зах зээлд танилцуулах болсондоо баяртай байна. Энэ кино хоёрхон үгээр илэрхийлбэл: онцгой, төгс. Каннын зах зээлд яг тохирох бүтээл” гэжээ.
Coyote vs. Acme нь олон жил үзэгчдийг байлдан дагуулсан Looney Tunes цувралын дүрүүдийг орчин үеийн хэлбэрт шилжүүлсэн бүтээл бөгөөд үзэгчдэд хошин өнгө аястай адал явдлыг санал болгохоор төлөвлөж байна.
variety.com