Mapcore байгууллага 2025 оны CS2 газрын зураг бүтээх тэмцээний ялагчийг зарлалаа. Энэ удаагийн ялагчаар мини-гольфын сэдэвтэй de_grail нэртэй map тодорч, зохиогчид болох Lizard, Radu, flowlee нар $7,500-ын шагналыг хүртжээ. Энэхүү газрын зураг нь Source 2 хөдөлгүүрийн бололцоог бүрэн ашигласан бүтээл болсон байна.
Mapcore-ийн YouTube сувгаар нийтлэсэн танилцуулгад шилдэг оролцогчдыг танилцуулсны дараа de_grail тэргүүн байр эзэлснийг зарласан бөгөөд уг тэмцээн анх 2024 оны хоёрдугаар сард зарлагдаж байсан юм.
Mapcore CS2 газрын зураг бүтээх тэмцээний шилдэгүүд:
- de_grail (Lizard, Radu, flowlee)
- de_alpine (Lukyvald, zavaro, Twinnie, g3om)
- de_palacio (Slimek, KlixX, Coachi)
- de_stronghold (T-Rexer, Squidski, Haaselh0ff, Kale)
2019 онд Mapcore тэмцээнд Anubis ялж, улмаар CS2-ийн албан ёсны газрын зурагт багтсан билээ. Хэрвээ Mapcore байгаагүй бол энэ map Valve-ийн анхааралд өртөхгүй байж мэдэх байлаа. Энэ нь ижил төрлийн тэмцээнүүд ямар их нөлөөтэй болохыг харуулж байгаа юм.
Тэгвэл de_grail CS2-д нэмэгдэх үү?
Энэ талаар одоогоор баттай зүйл байхгүй. Хэрвээ Valve сонирхож байвал эхлээд Competitive горимд туршиж, тоглолтод хэрхэн ажиллаж байгааг харна. Улмаар хэд хэдэн засвар орсны дараа Active Duty газрын зурагт нэмэгдэх эсэхийг шийдэх болно. Valve шинэ map-уудыг тоглоомдоо нэмэхийн тулд зохиогчдоос нь албан ёсоор худалдан авдаг тул de_grail-ийн хувьд ч энэ үйл явц хүлээгдэж байна.
Товчхондоо, de_grail ирээдүйд CS2-д нэмэгдэх боломжтой ч ямар ч баталгаа байхгүй. Гэхдээ ийм гайхалтай бүтээл хэзээ нэгэн цагт тоглоомд орно гэдэгт найдахаас өөр аргагүй.