Орчин үеийн Doom тоглоомууд нь хуучны алдартай цувралыг дахин амилуулах жишиг болсон. 2016 оны Doom болон 2020 оны Doom Eternal нь анхны Doom тоглоомуудын дүр төрх, уур амьсгалыг орчин үеийн хэв маягтай хослуулсан бөгөөд хуучирсан тоглоомын арга барилыг сохроор дагаагүй.
Гэсэн хэдий ч Doom Eternal-ийн төгсгөлд орчин үеийн тоглоомын систем хэтэрхий ихийг багтаах гэж хичээснээс болж жаахан ачаалалтай мэт санагдсан. Eternal дахь хязгаарлагдмал сум, эрүүл мэнд, хуягны нөөцийг удирдахын тулд гинж хөрөө, гал шидэгч, гранат, гар зэвсэг зэрэг олон төрлийн хэрэгслүүдийг төгс хослуулан ашиглаж, сэтгэл хөдлөм “алдар суут аллага” хийх шаардлагатай болдог. Үүний зэрэгцээ, төрөл бүрийн дайсны сул талыг ашиглахын тулд зэвсгээ байнга солих, мөн гурван хэмжээсийн доторх давхар үсрэлт, гулгах хөдөлгөөнүүдийг ашиглах шаардлага гардаг байлаа.
Энэ бүгдийг хялбаршуулах шаардлагатай болсон. Иймд Doom: The Dark Ages тоглоомд id Software баг тоглоомын нарийн төвөгтэй байдлыг багасгаж, анхны түвшний хэцүү байдлыг хадгалах илүү цэгцтэй, үндсэн хэлбэрт шилжихээр шийджээ. Энэ нь үйлдлүүдийг зөвхөн гурван товчинд багтаасан, контекстэд суурилсан энгийн удирдлага бий болгохыг зорьсон гэж Ars Technica-д зориулсан урьдчилсан тоймд дурдсан байна.
Энгийн боловч хялбар биш
Орчин үеийн Doom тоглоомыг хялбарчлах шийдлийг олохдоо id Software-ийн бүтээлч дизайнер Хьюго Мартин 90-ээд оны Doom тоглоомуудаас ихээхэн урам зориг авсан гэдгээ хэлсэн. Тэрээр:
“Анхны Doom яагаад өнөөдрийг хүртэл алдартай хэвээр байна вэ гэхээр энэ бол хамгийн хүртээмжтэй FPS ганц тоглогчийн кампанит ажил байсантай холбоотой. Тулалдааны хувьд үнэхээр цэгцтэй, энгийн, энэ л түүнийг өнөөг хүртэл хөгжилтэй хэвээр хадгалж байгаа юм” гэжээ.

Энгийн удирдлага руу шилжих нь хуучны Doom-ийн хүртээмжтэй байдлыг эргүүлэн авчрах гол түлхүүр байв. The Dark Ages тоглоомд стандарт зэвсэг галлах болон гар зэвсгийн товчлуураас гадна ганц товчлуураар гурван өөр гар зэвсгийг урьдчилан сонгож ашиглах боломжтой.
Мөн зүүн гар дээр тань үргэлж байх shieldsaw буюу иртэй дугуй хамгаалалт бий. Энэ нь нөхцөл байдлаас хамааран өөр өөр үүрэг гүйцэтгэх нэг товчлуураар удирдагддаг. Жишээ нь, энэ товчлуураар ойрын тулалдаанд цохилт хаах, дайсны сумыг тосч амжилгүй болгох, хамгаалалтаа шидэж алсын цохилт хийх, эсвэл “shield bash” ашиглан дайсанд ойртон очих зэрэг үйлдлүүдийг хийж болно.
Хьюго Мартин хэлэхдээ:
“Тоглогчдыг шахах үед тэд танил бус товчлуур хайж байлгүй, бүх зүйл нь интуитив мэдрэгддэг байхаар бид хичээсэн” гэжээ. Гэхдээ удирдлагыг хялбаршуулсан нь тоглоомыг амар болгосон гэсэн үг биш юм. Харин ч эсрэгээрээ, Мартин:
“Удирдлагын схемийг энгийн болгох нь тоглоомыг илүү хэцүү болгодог” гэж дурджээ.
“Зарим хүмүүс Doom Eternal хэтэрхий хэцүү байсан гэж хэлдэг. Үнэндээ энэ нь хэтэрхий нарийн төвөгтэй байсан юм. Удирдлагын хэтэрхий төвөгтэй байдал нь илүү хэцүү санагдахад хүргэсэн. Та чөтгөрүүдтэй байлдах ёстой болохоос биш удирдлагатай тэмцэж байх ёсгүй” гэж тэр нэмж хэлэв.
The Dark Ages тоглоом нь анхны Doom-ийн:
“Тоглох амархан, эзэмшихэд хэцүү… маш хүртээмжтэй хэрнээ сорилт ихтэй” гэх мэдрэмжийг сэргээхийг хүсэж байгаагаа хөгжүүлэгчид онцолсон. Удирдлагын сонголтыг багасгаснаар тоглоом нь “Бидний өмнө нь бүтээсэн тоглоомуудаас хамгийн ихээр Doom-ийн сонгодог хувилбар шиг санагдаж байгаа” гэж Мартин хэлсэн байна.
Мөн хэцүү байдлыг удирдахын тулд The Dark Ages нь тоглогчдод илүү нарийн тохиргоонуудыг хийх боломжийг олгоно. Жишээ нь, дайсны хурд, зэвсгийн хохирол, цохилт хаах хугацааны цонх зэргийг нарийвчлан тохируулах боломжтой. Энэ нь шинэ тоглогчдод хялбаршуулсан эсвэл “Ultra Nightmare” түвшинг давсан тулааны туршлага бүрдүүлж чадна.

Ийм нарийн тохиргоог урьд нь зөвхөн консолын нууц командуудаар хийдэг байсан бол одоо бүх тоглогчид ашиглах боломжтой болсон гэж id Software-ийн студийн захирал Марти Страттон онцолжээ.
“Та тоглоомын хурдыг нэмэгдүүлж, цохилт хаах хугацааны хэцүү байдлыг өөрчилж, өөрт учрах хохирлыг тохируулах зэргээр маш сорилттой тоглоомын туршлага бүтээж болно” гэж тэр хэлсэн байна.
Хөл дээрээ бат зогсох нь
OG Doom-ийн энгийн, сонгодог хэв маягийг сэргээхийн тулд Doom Eternal-ийн агаарт төвлөрсөн тоглоомоос илүү “газардах” буюу бодит мэдрэмжийг нэмэгдүүлэхээр хөгжүүлэгчид шийджээ. “Eternal-ийн дараа цаашаа явах орон зай бидэнд тийм ч их байгаагүй” гэж Марти Страттон тайлбарлахдаа өмнөх тоглоомын өндөрт төвлөрсөн тоглоомын хэв маягийг мөн онцолсон байна. “Бид илүү өндөрт хүрч чадахгүй байсан. [Энэ тоглоом] аль болох эрчимтэй болсон… [түүнчлэн] бид өөрсдийгөө давтахыг хүсэхгүй байна.”
Doom Eternal-ийн “үсэрч буудах” тоглоомын хэлхээнээс ялгаатай нь, The Dark Ages нь илүүтэйгээр “зогсож тулалдах” сэтгэлгээг баримтална гэж хөгжүүлэгчид тайлбарлав. Хэрэв Doom Eternal нь сөнөөгч онгоцыг удирдаж байгаа мэт мэдрэмж төрүүлж байсан бол The Dark Ages танк удирдаж буй мэт санагдана хэмээн зүйрлэжээ.

Энэ нь тоглоомын талбар илүү “тэгш” байх бөгөөд хуучны “Зэрвэс хөдөлгөөн хийж онилох” стратеги илүү үр дүнтэй хэрэгжиж, агаар дээр тогтмол байх шаардлага багасна гэсэн үг. Мөн хөгжүүлэгчид эх хувилбаруудын аажим хөдөлдөг сумнуудыг эргүүлэн авчирч, тоглогчид сумны дундуур хөдөлж, “шүүт ‘эм ап” (shmup) хэв маягаар зугтаж тоглох боломжийг олгоно гэжээ. Харин өөрийн зэвсгүүд голчлон дунд болон ойрын зайд чиглэсэн байх тул дайснуудад ойртож тулалдахыг илүүд үзэх хандлагатай байх болно.
Glory Kill буюу дайснаа амархан дарж “алдар суут цохилт” хийх нь тоглоомын гол хэсэг хэвээр байх хэдий ч уг системийг урт, давтагдмал хөдөлгөөнт анимациас ангижруулан, тоглогчийн хяналтыг алдагдуулахгүйгээр шинэчлэн зохион бүтээжээ. Шинэ Glory Kill систем нь физикт суурилсан, аливаа өнцгөөс идэвхжүүлж болох шуурхай цохилтыг санал болгоно.
Зарим зүйл өөрчлөгдсөн ч мөн чанар нь хэвээр
The Dark Ages нь уламжлалт шулуун коридорын тоглоомын загварыг илүү нээлттэй орон зайтай хослуулж, тоглогчид ямар чиглэлд явж, ямар даалгаврыг түрүүлж гүйцэтгэхээ өөрсдөө сонгох боломжийг олгоно. Үүнээс гадна 30 давхар робот удирдах эсвэл хүчирхэг лууг нисгэх зэрэг онцгой хэсгүүдээр тоглоомыг баяжуулжээ.

Мэдээж хэрэг, тоглогчдыг илрүүлэхийг хүлээсэн нууцлаг хэсгүүд болон далд булан тохойнууд тоглоомд хэвээр байх болно. Харин энэ удаад эдгээр нууц нь зөвхөн тоглоомын гоёл чимэглэл төдий биш, таны хүчирхэгжих явцтай шууд холбогдох юм гэж хөгжүүлэгчид хэлжээ.
Энэ бүхэн нь “Шинэ хэрнээ танил” мэдрэмж төрүүлэх тоглоом бүтээхэд чиглэж байна гэж Хьюго Мартин онцолсон. The Dark Ages нь бүх Doom тоглоомд байдаг адал явдал, хүч чадлын мэдрэмжийг хадгалсан хэвээр. Гэхдээ хөгжүүлэгчид энэ хүч чадлын мэдрэмжийг тодорхойлох шинэ арга замыг туршихад нээлттэй байгаа аж. “Ялангуяа энэ өөрчлөлт нь тоглоомыг сонгодог Doom-д илүү ойртуулж байвал бид туршиж үзэхэд бэлэн байна” гэж тэр нэмж хэлэв.
Гэхдээ тэрээр “Би Doom тоглоом тоглохыг хүсэж байна. Бид Doom-оос өөр зүйл болтол нь өөрчлөхийг хүсэхгүй” гэжээ.
Doom: The Dark Ages 5-р сарын 15-нд Windows, PS5, болон Xbox Series X/S платформуудад гарах хуваарьтай байна.