Valve компани уламжлал ёсоор Dota 2 богино хэмжээний киноны уралдаан эхэлснийг зарлалаа. Арван жилийн турш зохион байгуулагдаж ирсэн энэхүү уралдаан дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган оролцогчийг татдаг.
Шагналын сангаас гадна шилдэг бүтээлүүд нь энэ жилийн сүүлээр болох The International 2025 тэмцээний үеэр олон нийтэд толилуулагдана. Dota 2 богино хэмжээний киноны уралдаан 2025-ийн талаар мэдэх ёстой зүйлсийг хүргэж байна.
Уралдааны ерөнхий тойм
Албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, энэ жилийн уралдаан өмнөх жилүүдийн бүтэцтэй ижил байна. Оролцогчид хамгийн ихдээ 90 секунд үргэлжлэх богино хэмжээний кино бүтээлээ 2025 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 15:00 PDT (Улаанбаатарын цагаар 08-р сарын 18-ны 06:00) хүртэл Steam Workshop-т байршуулна.
Уралдаан нь хүн бүрт нээлттэй бөгөөд хэрэглэгчид Workshop дээр саналаа өгч, шилдэг бүтээлүүдийг тодруулахад оролцож болно. Шилдгүүдийн тухайд, хамгийн шилдэг 10 кино нь The International тэмцээний үеэр шууд дамжуулна.
Valve компани Workshop дээрх хэлэлцүүлэг, үнэлгээг мөн анхааралтай ажиглаж, онцлох бүтээлүүдийг нэр дэвшүүлнэ. Эдгээр бүтээлүүдийг Dota 2 тоглоомын клиент дотор байршуулж, тоглогчид эцсийн санал хураалтад оролцох боломжтой болно. Ялагчид нь өмнөх жилүүдийн нэгэн адил TI14 тэмцээний шууд дамжуулалтад багтах юм.
Шагналын сан:
- 🥇 1-р байр – $25,000 (ойролцоогоор 85 сая төгрөг)
- 🥈 2-р байр – $10,000
- 🥉 3-р байр – $5,000
- 🏅 4-10-р байр – тус бүр $500
Оролцох хүсэлтэй хүмүүст зориулсан анхаарал:
Оролцогчид зориулалтын хуудсанд зочлон, шаардлагатай мэдээллүүдийг унших хэрэгтэй. Үүнд:
- Бүтээл бүр наад зах нь 1080p нягтаршилтай, хамгийн уртдаа 90 секунд байх ёстой
- Оролцогчид Steam дээр хязгаарлалтгүй, найдвартай бүртгэлтэй байх шаардлагатай
- Нэг хүн хэдэн ч бүтээл оруулах боломжтой
Ингээд кино бүтээдэг, тоглоом сонирхдог бүх хүмүүст энэхүү уралдаан дахин нэг гайхалтай боломж болох нь гарцаагүй.