Хэдэн жилийн өмнө Google-ийн танилцуулсан Project Starline нэртэй 3D видео уулзалтын “хорго” нь яг л нөгөө хүн таны өөдөөс харж зогсоод, харц тулгарч буй мэт сэтгэгдэл төрүүлдэг хэмээн гайхагдаж байв. Тухайн үедээ туршилтын шатнаас хэтрээгүй энэхүү технологи одоо Google Beam нэрээр албан ёсоор бүтээгдэхүүн болон хөгжжээ.
2025 оны Google I/O арга хэмжээний үеэр шинэчилсэн нэр, загвартайгаар танилцуулсан Beam төхөөрөмж нь тусгай нүдний шил хэрэглэх шаардлагагүй 3D дэлгэцтэй, хүний дүрийг гүнзгий, бодит мэт харуулдаг light field технологид суурилжээ. Мөн төхөөрөмжийн гурван талаас суурилуулсан зургаан камерын тусламжтайгаар хэрэглэгчийн толгойн хөдөлгөөнийг хянах боломжтой болсон байна.
Хурал эхлэхийн өмнөх өдөр сэтгүүлчидтэй хийсэн видео дуудлагын үеэр Google-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай Beam-ийн гол онцлогийг тайлбарлахдаа:
“AI буюу хиймэл оюун ухааны тусламжтайгаар хүний хэд хэдэн 2D дүрс бичлэгийг нэгтгэж, яг л бодит мэт 3D гэрлийн орчин үүсгэдэг,” хэмээн онцолжээ.
Хэдийгээр Beam-г өөрийн биеэр туршиж үзсэн хүмүүс ховор ч, туршсан цөөн хүний сэтгэгдлээр бол дүрслэл нь бодит хүний дүртэй андуурмаар, бүр айдас төрүүлэхүйц бодит мэдрэмж төрүүлдэг гэнэ. Вэбкамер руу доош харж ярьдаг уламжлалт дуудлагуудаас ялгаатай нь, Beam төхөөрөмж ашиглан ярьж буй хүн яг тань руу ширтэж, дэргэд байгаа мэт мэдрэмж төрүүлдэг аж.
Гэхдээ хэрэглэгчид үүнийг шууд зах зээлээс худалдаж авах боломжгүй. Beam технологийг Google өөрийн түнш байгууллагууд, томоохон бизнесийн орчинд ашиглуулахаар нэвтрүүлэх төлөвтэй байна.


Beam хэрэглэгчдэд нээлттэй биш. Зөвхөн томоохон байгууллагуудад зориулагджээ
Google Beam-ийн үнийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч, тус компанийн HP-тэй хамтран анхны Beam төхөөрөмжийг энэ оны сүүлээр зарим байгууллагад хүргэхээр төлөвлөж байгаа нь хэнд зориулсан бүтээгдэхүүн болохыг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, энэхүү технологи нь шинэ үеийн туршилтын видео дуудлагын төхөөрөмжид их хэмжээний хөрөнгө оруулах боломжтой томоохон компаниудад зориулагдаж байна.
Google-ийн хэлж буйгаар Beam нь аж ахуйн нэгжийн зориулалттай, бизнесийн орчинд ашиглах шийдэл юм. Тус компани Zoom зэрэг технологийн компаниудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд Citadel, Deloitte, Duolingo, Hackensack Meridian Health, NEC, Recruit, Salesforce зэрэг байгууллагууд энэ технологид сонирхолтой байгаагаа илэрхийлж, өөрсдийн багууд дээр туршиж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Хэрвээ Google Beam I/O арга хэмжээнд танилцуулагдаж, хэрэглэж үзсэн хүмүүсийн хэлдэг шиг үнэхээр гайхалтай технологи бол би ч бас үнэмшихэд бэлэн. Ирээдүйн технологийг өнөөдөр харж мэдрэх боломж гэдэгт би үргэлж дуртай. Гэхдээ хэрэглээний технологийг сурвалжилж, өндөр өртөгтэй ч нийтэд хүртээмжгүй, зөвхөн бизнесийн орчинд ашиглагддаг төхөөрөмжүүдийг олонтаа харсан хүний хувьд — хүлээлтээ хазаарлах хэрэгтэйг сануулмаар байна.
Beam бол жирийн хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн биш. Энэ бол томоохон компаниудад чиглэсэн, өндөр өртөгтэй бизнес шийдэл. Энэ нөхцөл өөрчлөгдөхгүй л бол нийт хэрэглэгчдийн ихэнх нь энэхүү технологийг туршиж үзэхгүй л болов уу.
Хэрвээ таны ажилладаг байгууллагын хурлын өрөөнд Beam байлаа гэхэд, та үнэхээр түүнийг зориуд очиж ашиглан “байгалийн, бодит мэт” видео дуудлага хийхийг хүсэх үү? Хүмүүс видео дуудлагад төдийлөн дуртай биш, харин одоо тэднээс улам ойртон тулж, хувь хүний орон зайг илүү нэвтэлсэн харилцааг хүс гэж шаардаж байна уу?
Орчин цагт хаанаас ч видео дуудлага хийх боломжтой зөөврийн компьютертэй байхад, Beam шиг том, хүнд төхөөрөмжийн өмнө очиж суух хэрэгцээ хэр бодитой вэ? Шинэлэг мэдрэмж өгч болох ч, энэ бүх төвөг, зардлыг нөхөх хэмжээнд үнэлэгдэх эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.
gizmodo.com