Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч Honor компани Google-ийн дэвшилтэт хиймэл оюун ухаанд суурилсан зурагнаас видео үүсгэгч технологийг албан ёсоор танилцууллаа. Энэхүү шинэ боломж нь ирэх 5-р сарын 22-нд худалдаанд гарах Honor 400 болон Honor 400 Pro загваруудад хамгийн түрүүнд нэвтэрнэ.
Google-ийн Veo 2 загвар дээр суурилсан энэхүү AI хэрэгсэл нь энгийн зургаас 5 секундийн богино видео үүсгэдэг. Зургаа оруулахад ердөө нэг эсвэл хоёр минутын дотор л видеог бүтээдэг бөгөөд хөрөг (portrait) болон ландшафт (landscape) хэлбэрт тохирно. Энэхүү функц нь утасны Gallery аппд шууд суурилагдсан тул хэрэглээ нь маш хялбар. Гэхдээ зургандаа текст нэмэх, заавар өгөх боломжгүй учир, AI таны зургийг хэрхэн “амилуулах”-ыг зүгээр л найдахаас өөр аргагүй.
Зарим тохиолдолд энэ функц гайхалтай ажилладаг. Тодорхой хүний эсвэл гэрийн тэжээвэр амьтны зураг өгөхөд AI бодит хөдөлгөөн мэт дүрслэл гаргаж чаддаг. Гэхдээ бүх тохиолдолд төгс биш. Жишээлбэл:
-
Хуучин загварын машины зургийг өгсөнд автомашиныг газар дээрээ утгагүй эргүүлсэн
-
Шинэ улаан лоолийг “сүнс” шиг гар хүрч байгаа мэт болгосон
-
Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн зурганд 27 тоглогч, гурван баг, хоёр шүүгч гаргаж, эмх замбараагүй байдлыг бий болгосон
-
Винсент Ван Гогийн өөрийн хөрөг дээр туршиж үзэхэд түүний нүднээс тагтаа нисэн гарч байгаа мэт дүрслэл бүтээсэн
Энэ боломж Honor 400 утас эзэмшигчдэд анхны хоёр сарын турш үнэгүй ашиглагдах ч өдөрт 10 хүртэлх видео үүсгэх хязгаартай байна. Honor-ийн Их Британийн маркетингийн захирал Крис Лэнгли хэлэхдээ, энэ функц “цаашдаа Google-ийн зүгээс захиалгын үндсэн дээр ажиллах болно” гэсэн ч одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
Veo 2 загвар нь Google Gemini Advanced захиалгад багтсан бөгөөд одоогоор зөвхөн текстээс видео үүсгэх боломжтой. Харин зурагнаас видео үүсгэх функц нь Google Cloud–ийн “approved users” буюу зөвшөөрөгдсөн хэрэглэгчдэд зориулсан бөгөөд тусгай тарифтай – нэг секундын видеог $0.50 (≈1,700₮)–оор үнэлж байгаа юм.
theverge.com