Даваа гарагт Google-ийн квант тооцооллын лаборатори энэхүү гайхалтай амжилтаа олон нийтэд дэлгэж, Willow чип нь орчлон ертөнцийн наснаас урт хугацаанд хийж дуусах суперкомпьютерийн даалгаврыг хоромхон хугацаанд гүйцэтгэх чадвартайг онцолсон байна.
Энэ нь 2019 онд Google өөрийн квант процессороо танилцуулж, суперкомпьютерийн 10,000 жилийн хугацаанд бодох математикийн тэгшитгэлийг ердөө гурван минутанд бодож чадсан гэж мэдэгдсэн үеэс хойш асар их ахиц гарсныг харуулж байна. Тухайн үед IBM энэхүү мэдэгдлийг үгүйсгэж байсан билээ.
Google алдааг бууруулах аргыг нээж, квант тооцооллын шинэ шатанд гарлаа
Гүйцэтгэлийн хүчин чадал нэмэгдсэнээс гадна, судлаачид квант тооцооллын хамгийн том сорилтуудын нэг болох алдааг бууруулах арга замыг олж тогтоожээ. Энгийн компьютерын бит нь зөвхөн 1 эсвэл 0 гэсэн утгыг илэрхийлдэг бол, квант тооцоолол нь нэгэн зэрэг 1, 0 болон хоорондын аливаа утгыг илэрхийлж чадах кюбит ашигладаг.
Google-ийн мэдээлснээр, кюбит нь орчин тойронтойгоо хурдан мэдээлэл солилцох хандлагатай тул алдаанд өртөмтгий байдаг аж. Гэвч Google-ийн судлаачид системд илүү олон кюбит нэмснээр алдааг бодит цаг хугацаанд засах аргыг олсон байна. Энэ судалгааны үр дүнг Nature сэтгүүлд нийтэлжээ.
Google Quantum AI-ийн үүсгэн байгуулагч Хартмут Невен компанийн блогт бичихдээ: “Энэхүү түүхэн амжилт нь салбартаа ‘доод босго’-д хүрэх гэж нэрлэгддэг. Энэ нь кюбит-ийн тоог нэмэгдүүлэхийн сацуу алдааг багасгах чадварыг илтгэдэг. Алдааны засварыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд ‘доод босго’-д хүрснээ харуулах шаардлагатай бөгөөд энэ нь 1995 онд Питер Шор квант алдааны засварын аргыг нэвтрүүлснээс хойш тулгарсан томоохон сорилт байлаа” хэмээн онцолжээ.
Willow квант тооцооллын шилдэг чипээр шалгарлаа
105 кюбит-тэй Willow чип нь “Өмнөх үеийн бүх технологиос шилдэг гүйцэтгэлтэй” гэж Google-ийн Хартмут Невен онцолжээ. Одоогоор Microsoft, Amazon, IBM зэрэг компаниуд ч мөн өөрсдийн квант тооцооллын системийг хөгжүүлж байна.
Google-ийн дараагийн зорилго бол “Бодит хэрэглээнд холбогдох, уламжлалт компьютероор гүйцэтгэх боломжгүй” бөгөөд анхны “Бодитой, уламжлалт ойлголтоос давсан тооцооллыг” гүйцэтгэх явдал юм.
Ирээдүйд квант технологи хиймэл оюун ухааны сургалтын мэдээлэл цуглуулахад зайлшгүй шаардлагатай болж, шинэ эмчилгээ нээх, цахилгаан машины илүү үр ашигтай батарей бүтээх, цөмийн нэгдлийн болон шинэ эрчим хүчний хувилбаруудыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж Невен тэмдэглэжээ.
theverge.com