Rockstar Games компанийн хүсэн хүлээсэн Grand Theft Auto VI тоглоом 2026 оны 5-р сарын 26-нд албан ёсоор нээлтээ хийнэ гэж тус компани баасан гарагийн өглөө зарлалаа.
Энэ нь тус тоглоом анх 2023 оны сүүлээр трейлерээ цацах үедээ амласан 2025 оны нээлтийн хугацаанд багтахгүй болсныг илтгэж байна. Rockstar-ийн хэлснээр, энэхүү хойшлуулалт нь “Тоглоомыг таны хүлээлтэд нийцсэн, өндөр чанартай түвшинд хүргэхийн тулд” шаардлагатай байгаа гэнэ.
“Тоглоомын нээлт таны төсөөлж байснаас хожуу болж байгаад бид үнэхээр харамсаж байна” хэмээн Rockstar мэдэгдэлдээ бичжээ. Мөн “Шинэ Grand Theft Auto-той холбоотой хүлээлт, догдлол нь манай бүх багийг гүнээ талархуулж байна. Танд талархал илэрхийлж, биднийг үргэлжлүүлэн дэмжиж, хүлээсэнд баярлалаа.” гэжээ.
Урт хүлээлт улам уртсав
Тоглоомын фэнүүдийн хувьд урам хугарах мэдээ ч гэсэн энэ хойшлолт нь тийм ч гэнэтийн зүйл биш байв. Инсайдер эх сурвалжууд 2025 оны зорилт нь бодит бус харагдаж байгааг сүүлийн нэг жил гаруй хугацаанд мэдээлж байжээ.
Bloomberg-ийн сэтгүүлч Жэйсон Шрайер өнөө өглөө Bluesky платформ дээр: “Rockstar дахь миний ярилцсан хэн ч 2025 оны намар нээлт болно гэдэгт сүүлийн үед итгэхээ больсон. Ажил ихтэй, цаг бага, менежментийн зүгээс хэт их ачаалал өгөхөөс зайлсхийх хандлага ажиглагдаж байна. GTA VI-ийн 2026 он руу хойшлох нь хэдэн сарын өмнөөс л бараг гарцаагүй харагдаж байсан” гэж бичжээ.
Grand Theft Auto VI нь ийнхүү 2013 оны 9-р сарын 17-нд Grand Theft Auto V тоглоом анх PlayStation 3 болон Xbox 360-д гарснаас хойш 4,634 хоногийн дараа нээлтээ хийхээр болж байна. Харин GTA IV болон GTA V хоёрын хооронд ердөө 1,967 хоногийн зай байсан.
GTA V худалдаанд гарснаас хойшхи хэдэн мянган хоногийн хугацаанд уг тоглоом нь нийт 210 сая хувиар зарагдсан бөгөөд PS4, PS5, Xbox One, Xbox Series X/S, PC хувилбаруудын шинэчилсэн болон порт хийсэн хувилбарууд ч үүнд багтдаг. Энэ амжилт нь Grand Theft Auto Online хэмээх олон хэрэглэгчийн горимтой шууд холбоотой бөгөөд тус горим нь хуучирсан сүлжээний кодтой хэдий ч, 10 гаруй жилийн турш Take-Two компанийн гол орлогын эх үүсвэр байсаар иржээ.
Rockstar 2023 оны анхны зарлалдаа GTA VI-ийн PC хувилбарын талаар дурдалгүй, зөвхөн PS5 болон Xbox Series X/S-д зориулагдаж байгааг онцолсон. Хожим нь PC хувилбар гарна гэж баталсан ч, Rockstar-ийн PC хувилбаруудын түүхийг харвал компьютер хэрэглэгчид консоль тоглогчдоос илүү удаан хүлээх магадлал өндөр байна.
Take-Two компанийн гүйцэтгэх захирал Штраус Зельник IGN-д өгсөн ярилцлагадаа “Бид бүх платформ дээр нэгэн зэрэг гаргадаггүй. Түүхэндээ Rockstar эхлээд зарим платформ дээр гаргаж, дараа нь бусад руу шилжүүлдэг уламжлалтай” хэмээн ярьжээ.
Мөн Switch 2 консолд зориулсан хувилбар гарах эсэх талаар ямар нэгэн мэдээлэл хараахан алга байна. Уг консол 2023 онд тоглоом анх зарлагдаж байхад ердөө цуурхал төдий байв.
2022 онд Rockstar “Сүлжээний халдлага”-д өртөж, Grand Theft Auto VI-ийн маш эхний шатны бичлэгүүд интернетэд алдагдаж байв. Тухайн үед тэд “Дараагийн тоглоомын маань талаарх ямар ч мэдээлэл ийм байдлаар ил болсон нь биднийг гүнээ гонсойлгож байна. Гэсэн ч бид ажилдаа тууштай байсаар, хүлээлтээс давсан тоглоом хүргэхийн төлөө зүтгэх болно” хэмээн мэдэгдэж байв.
arstechnica.com