Take-Two Interactive компани пүрэв гарагт санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тайланд 3 тэрбум ам.доллараас давсан алдагдлыг бичсэн ч компанийн хамгийн чухал мэдээ үүнээс хоёр долоо хоногийн өмнө ил болчихсон байв: Rockstar Games-ийн бүтээл, хүсэн хүлээгдсэн “Grand Theft Auto 6” тоглоомын нээлт 2025 оны намраас 2026 оны тавдугаар сарын 26-нд хойшлогдохоор болсон юм.
Энэхүү шийдвэрийг тавдугаар сарын 2-нд зарласан ба тухайн үед Take-Two компанийн 2025 оны санхүүгийн бүтэн жилийн үр дүн (2024 оны 4 сарын 1-ээс 2025 оны 3 сарын 31 хүртэл) болон 2026 оны төсөөлөл хараахан гараагүй байв. Rockstar яг хэзээ “GTA 6”-ийг хойшлуулах шийдвэр гаргасныг Take-Two тодорхой зарлаагүй. Харин хоёрдугаар сарын байдлаар тоглоом 2025 оны намар гарахаар хэвээр төлөвлөгдсөн байлаа.
“Бид дотоод шийдвэрээ хэзээ гаргаснаа зарладаггүй” хэмээн Take-Two-ийн дарга, гүйцэтгэх захирал Штраус Зелник Variety-д ярьжээ. “Мэдээж, ‘GTA 6’-ийг гаргахгүй байгаагаар 2026 оны санхүүгийн үзүүлэлтүүд харьцангуй доогуур байх нь ойлгомжтой. Гэхдээ бид яг хэдий хэмжээгээр нөлөөлөхийг задлаагүй. Зарим шинжээчид таамаг дэвшүүлж байгаа ч бидний хувьд гол нь дахин нэг шинэ амжилтын босго тогтоох гэж байгаа нь чухал. Бид 2027 онд өсөлт үзүүлнэ гэж хүлээж байна. Манай компани маш тогтвортой байдалтай, сорилт ба боломжуудыг даван туулах бүрэн чадвартай байна.”
Wall Street-ийн шинжээчдийн таамгаар Take-Two компани 2025 оны эхний улиралд нэгж хувьцаанд 5 центийн алдагдал, 1.55 тэрбум ам.долларын орлого олно гэж тооцоолж байв. Харин компанийн мэдээлснээр энэ хугацаанд 1.58 тэрбум ам.долларын орлого (net bookings) олсон байна. Гэсэн ч GAAP цэвэр алдагдал нь 3.78 тэрбум ам.доллар буюу нэгж хувьцаанд 21.08 ам.доллар байжээ. Уг алдагдалд 3.55 тэрбум ам.долларын үнэлгээний буурал (writedown) хамаарсан ч аль салбар нь ийм том алдагдалд хүрснийг компанийн зүгээс мэдээлээгүй бөгөөд тайлбар өгөхөөс татгалзсан байна.
2025 оны бүтэн жилийн дүнгээр Take-Two нийт 5.65 тэрбум ам.долларын орлого бүртгэжээ. Харин 2026 оны санхүүгийн жилд (2025 оны 4 сарын 1-ээс 2026 оны 3 сарын 31 хүртэл) 5.9–6 тэрбум ам.долларын орлого олохоор тооцоолж байна.
“GTA 6”-ийн үнэ болон ирээдүйд гарах бусад тоглоомуудын үнийн талаар Зелник дараах тайлбарыг өгсөн юм:
“Өрсөлдөгчдийн зарим нь үнийн өсөлт, хувьсах үнэтэй холбоотой санал хэлж байгаа нь үнэн. Гэхдээ манай шийдвэрийг удирддаг гол зарчим бол хэрэглэгчдэд төлсөн үнийнх нь олон дахин үнэ цэнийг хүргэх ёстой гэсэн итгэл юм” хэмээн тэр хэлжээ. “Хэрэглэгч тоглоомын үнэ ба чанарын огтлолцолд үндэслэн үнэлдэг. Үүнийг хүн бүр өөрийн биеэр мэдэрсэн байдаг. Бидний зорилго бол хэрэглэгчид асар их үнэ цэнэ мэдрүүлэх бөгөөд бид үүнийг хийж чаддаг гэж итгэдэг.” гэжээ.
variety.com