Майкл Фассбендер, Арнольд Шварценеггер, Дэвид Хасселхофф нарын оролцсон “Kung Fury 2” хэмээх хэтрүүлэгтэй, өнгөлөг, адал явдал дүүрэн инээдмийн киноны 10 минутын танилцуулга видео интернэтэд алдагдлаа. Уг кино 2020 онд хуулийн маргааны улмаас эвлүүлгийн шатанд зогссон бөгөөд энэхүү бичлэг нь олон нийтэд зориулагдаагүй, дотоод хэрэглээний зорилготой материал байсан гэж бүтээгчид мэдэгдсэн байна.
Видеонд АНУ-ын ерөнхийлөгчийн дүрд Шварценеггер навчин тамхи зууж, буу барин нацистуудын эсрэг дайнд мордож буйгаар гарч ирнэ. Харин Фассбендер хэт их үстэй, дүрэм зөрчдөг FBI-ийн ажилтны дүрд тоглон “шударга ёсны омлет” хэрхэн хийх талаар заадаг бол Дэвид Хасселхофф 1980-аад оны спорт машин болж хувирдаг.
Түүх нь ч хэтрүүлэгтэй: “Thunder Cops” нэртэй хүн, динозавр болон хагас-хүн, хагас-динозавр цагдаагаас бүрдсэн баг 1985 оны Майамигийн гудамжийг цэвэрлэх даалгавартай. Гэвч бүх зүйл Адольф Гитлер гэх “бүх цаг үеийн хамгийн аюултай гэмт хэрэгтэн”-ий гарч ирснээр өөрчлөгдөнө.
Уг бичлэгийг албан ёсны биш YouTube сувагт нийтэлсэн бөгөөд Variety уг видеог жинхэнэ болохыг кино бүтээгчдээс баталгаажуулсан. Найруулагч, гол дүрийн жүжигчин Дэвид Сандберг энэ талаар дараах мэдэгдлийг хийжээ:
“Энэ бол дотоод танилцуулгын видео байсан. Нийтэд зориулагдаагүй. Харамсалтай нь олон үйл явдал, түр хугацааны дүрслэлүүд ил болсон. Гэхдээ бидний уг төсөлд шингээсэн хүсэл, хичээл зүтгэлийг хүмүүс харна гэдэгт найдаж байна. Энэ кино таван жил барьцаалагдсан мэт байсан ч би бууж өгөхгүй. Энэ кино заавал үзэгчдэд хүрэх ёстой.”
“Kung Fury 2” нь 1980-аад оны тулаант, цагдаагийн түншийн тухай инээдмийн кинонд хүндлэл үзүүлсэн богино хэмжээний “Kung Fury” (2015)-ийн үргэлжлэл юм. Эхний кино YouTube-д тавигдсанаар цахим орчинд шуугиан тарьж, амжилт олсон бөгөөд шинэ анги нь 34 сая долларын ($34M ≈ 117 тэрбум төгрөг) төсөвтэйгээр бүтээгдэж, хэд хэдэн алдарт жүжигчдийг нэгтгэжээ.
Гэвч 2020 онд Хятадын хөрөнгө оруулагч Creasun Entertainment USA-тай үүссэн маргаанаас болж киноны эвлүүлгийн ажил бүрэн зогссон. Кино баг уг компаниас 10 сая долларын санхүүжилт олдоогүй гэж үзсэн бол Creasun уг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж мэдэгдсэн байна. Түүнээс хойш уг төслийн хүрээнд ахиц гараагүй бололтой.
Алдагдсан бичлэг Каннын кино наадмын үеэр зориудаар цацагдсан байх магадлалтай. 2015 онд “Kung Fury” богино хэмжээний кино тус наадамд толилуулагдаж байсан ба “Kung Fury 2”-ийн тухай анхны зар мөн тухайн үед хийгдэж байв.
variety.com