Энэ бол бараг гарцаагүй шийдвэр
АНУ-ын зургаан оронтой тооны үнэтэй автомашин борлуулдаг Lamborghini-г худалдан авч байгаа хүмүүс нь дээд зэрэглэлийн, загварлаг хувцас сонирхдог, нэлээд өндөр шаардлагатай хүмүүс байх магадлалтай.
Хэдий Lamborghini ба Balenciaga хоёр тэс өөр салбарт үйл ажиллагаа явуулдаг ч автомашин, загварын ертөнцийн томоохон тоглогчид олонтаа хамтран ажиллаж, эсвэл бие биенээсээ урам зориг авдаг нь шинэ зүйл биш. Жишээлбэл, Ralph Lauren өөрийн бүтээлүүддээ автомашины элементүүдийг тогтмол шингээдэг бөгөөд ховор, музейн үнэлгээтэй машинуудаас бүрдэх цуглуулгатай гэдгээрээ алдартай.
Загварын тайзнаас хурдны зам руу
Энэ оны гуравдугаар сард Парисын загварын долоо хоног дээр анх танилцуулагдсан уг хамтын ажиллагааг Balenciaga албан ёсоор олон нийтэд толилуулж байна. Загварын ертөнцийн хамгийн эртний нэр хүндтэй брэндүүдийн нэг болох Balenciaga нь Lamborghini-тай хамтран бэлэн хувцас болон аксесуарын өргөн хүрээтэй цуглуулга гаргажээ. Энэхүү цуглуулга нь Lamborghini-гийн өндөр гүйцэтгэлтэй, спорт загварын шинж чанаруудыг Balenciaga-гийн бүтээлч захирал Демна Гвасалиягийн авангард (мөн үе үе маргаан дагуулдаг) хэв маягтай хослуулсан нь онцлог юм.
Демнагийн нэр хүндтэй болгож чадсан Balenciaga-гийн ердийн хэв маягийг агуулсан энэхүү цуглуулгад Lamborghini-ийн логотой, хэт том хэмжээтэй уралдааны болон бомбер хүрэмнүүд, Lamborghini Temerario загварын графиктай подволк, хошуувчтай цамц, хуучирсан мэт харагдах бейсболын малгайнууд багтжээ.
Мөн Lamborghini-ийн логотой түрийвч, картны савнаас гадна Balenciaga-гийн алдартай арьсан цүнхнүүдийн тусгай хувилбарууд ч багтсан байна. Үүнд том хэмжээтэй Rodeo гар цүнх, жижиг Hourglass гар цүнх, Explorer үүргэвч, Carrie нэртэй цүнх орсон бөгөөд бүгд Automobili Lamborghini-ийн бамбай хэлбэртэй лого, чимэглэлээр гоёжээ.
Харин аксессуарын хувьд Balenciaga загварын сор болсон өвөрмөц шийдлүүдэд Lamborghini-ийн элементүүдийг уусгасан нь сонирхол татна. Үүнд Temerario машины түлхүүрийг дуурайлгасан зүүлт болон цүнхний чимэглэл, Lamborghini Temerario ба Balenciaga-ийн үдээсээр хийсэн бугуйвч, Lamborghini-ийн логотой вестерн бүс, бөгж, арьсан хүзүүний аяллын дэр зэргийг онцолж болно.
Эдгээр хувцас хямдхан биш
Balenciaga болон Lamborghini-гийн хамтарсан цуглуулга нь тусгайлсан Balenciaga дэлгүүрүүд болон брэндийн албан ёсны вэб сайтаар дамжин худалдаалагдаж эхэлсэн ч, худалдан авагчид үнэ ханшийн талаар бэлэн байх хэрэгтэй. Учир нь зарим хүний хувьд эдгээр хувцаснуудыг авах нь жинхэнэ Lamborghini худалдаж авч буй мэт сэтгэгдэл төрүүлж мэдэхээр өндөр үнэтэй байна.
Жишээлбэл, Lamborghini Temerario загварын уран зурагтай oversize подволк $750 (ойролцоогоор 2.6 сая төгрөг), Lamborghini-ийн логотой хошуувчтай цамц $1,090 (ойролцоогоор 3.8 сая төгрөг)-ийн үнэтэй. Харин цуглуулгын хамгийн үнэтэй хувцас нь хар арьсан oversize бомбер хүрэм бөгөөд үнэ нь $7,590 (ойролцоогоор 26.5 сая төгрөг) хүрч байна.
Хамгийн өндөр үнэтэй нийт бүтээгдэхүүн нь Lamborghini-ийн гоёл чимэглэлтэй том Rodeo гар цүнх бөгөөд $8,500 (ойролцоогоор 29.7 сая төгрөг)-ийн үнэтэй. Харин хамгийн хямд бүтээгдэхүүн нь $125 (ойролцоогоор 440 мянган төгрөг) үнэтэй “Automobili Lamborghini Travel Mug” нэртэй, кофе уух зориулалттай шаазан аяга юм.
Эцэст нь
Загварын ертөнцөд сонирхлоороо хөл тавьсан хүний хувьд Lamborghini ба Balenciaga хоёрын хамтын ажиллагаа нь тэдний брэнд имиджийг харгалзан үзвэл тун сайн уялдаж байгаа нь анзаарагдана. Өөрийнхөө лого, загварын элементүүдийг алдартай загварын брэндүүдэд ашиглуулах нь Lamborghini-д шинэ зүйл биш, 2020 онд Нью-Йоркт төвтэй алдарт Supreme брэндтэй хамтран ажилласан нь үүний тод жишээ.
Шинэ цуглуулгын нээлтийг тохиолдуулан Lamborghini брэндийн Revuelto загварын машинуудыг Balenciaga-гийн граффити хэвлэмэлээр гоён Парис, Шанхай, Нью-Йорк, Майами, Токио, Дубай, Сөүл зэрэг дэлхийн гол хотуудад байрлах тэргүүлэх дэлгүүрүүдийн гадна байрлуулах аж. Үүнээс гадна тусгай уран зургийн бүтээлүүдийг зарим дэлгүүрт дэлгэн үзүүлэх бөгөөд жинхэнэ Lamborghini эд ангиудаар тоноглосон Vesaro-ийн Automobili Lamborghini жолооны симуляторуудыг Парис, Лондон, Шанхай дахь Balenciaga-ийн флагман дэлгүүрүүдэд суурилуулах юм байна.
autoblog.com