Орчин цагийн Испанид дасан зохицох түүхэн үеийн зөрчил, хүнлэг шинжийг хошин өнгө аясаар өгүүлдгээрээ алдартай найруулагч Фернандо Коломогийн шинэ бүтээл “The Delights of the Garden” (испан нэрээр “Las delicias del jardín”) киноны дэлхийн борлуулалтын эрхийг Испанийн тэргүүлэх кино борлуулагч Latido Films албан ёсоор худалдан авлаа.
Өмнө нь мөн 2021 оны “Polyamory for Dummies” киног нь борлуулж байсан Latido компани энэ удаа уг шинэ бүтээлийн хэсэг кадруудыг ирэх долоо хоногт болох Каннын кино наадмын Marché du Film-д танилцуулахаар зэхэж байна.
Коломогийн уран бүтээлүүдэд нийтлэгээр тусгагддаг нэгэн сэдэв бол – нийгмийн шилжилтийн үед өөрчлөлтөд өртөж буй хүний дотоод хямрал. Энэ удаад ч мөн адил. 1977 оны сонгуулийн өмнөхөн Испанийн шинэчлэлийн үеийг харуулсан “Paper Tigers” (1977), Нью-Йоркийн соёлын шокыг өгүүлсэн “Skyline” (1984), нээлттэй харилцаа, шинэ сексийн хэв маягийг хөндсөн “Polyamory for Dummies”, эсвэл Андалузийн эртний тосгонд өрнөх “South from Granada” (2003) бүтээлүүдийн нэгэн адил шинэ кино нь өөрчлөлтөд бэрхшээлтэйгээр дасан зохицож буй хүний түүхийг өгүүлнэ.
Харин энэ удаад энэхүү “өөрчлөлт” гэдэг нь орчин цагийн соёлын мөргөлдөөн, хөгшрөлтийн айдас, уран бүтээлийн үнэ цэнийн бууралт, мөн “буцаж ирсэн хүүгийн асуудал” юм.
Киноны гол дүрд абстракт зураач Фермин Гарсиа Лопес нэг сая долларын шагналтай “Газар дэлхийн жаргалын цэцэрлэг” хэмээх Хиеронимус Бошийн алдарт зургаас сэдэвлэсэн орчин үеийн уран бүтээлийн уралдаанд оролцохоор уригддаг.
Эхэндээ Фермин татгалздаг. Уралдааны танилцуулагч нэгэн хэсэгт хэлэхдээ:
“Бош бол яг л цаг хугацааны элч. Филипп II-ийн ордноос өнөөдрийг хүртэл үргэлжилж буй дүрслэл.”
Гэвч Фермин өөрийгөө үеэ өнгөрөөсөн мэт мэдэрдэг. Тэр бол абстракт илэрхийллийн төлөөлөл бол харин залуу уран бүтээлчид цахилгаан шатны хонгил дээр зураг зурж, эсвэл урлагийн бүтээлийг дүгнэдэг хиймэл оюун ухаант нохой бүтээж байна.
Түүнчлэн Ферминий гар чичирч эхэлсэн нь зурж чадахаа байж магадгүй гэсэн айдас төрүүлнэ. Гэвч банкны данс нь хаагдаж, хүү нь Энэтхэгээс буцаж ирэхэд бүх зүйл өөрчлөгдөнө. Хүү нь баримжаатай уран зургийн урсгалаар уран бүтээл туурвидаг нэгэн бөгөөд эцэг хүү хоёрын харилцаа дахин хэлбэржиж эхэлнэ.
Коломогийн 24 дэх бүрэн хэмжээний уран сайхны кино болох “The Delights of the Garden” нь түүний хүү Пабло Коломотой хамтран бичсэн зохиолтой. Мөн тэд хоёулаа кинонд дүр бүтээсэн бөгөөд энэ талаар найруулагч “өөрийн төрлийн авто-фикшн” хэмээн тодорхойлсон.
“Миний 23 кинон дотроос хамгийн дуртай хоёр бүтээл бол Нью-Йоркт авсан Skyline (1983) болон Миноркад 2013-14 онд авсан Isla Bonita юм. Эхнийхэд Антонио Ресинес миний дүрийг бүтээсэн бол сүүлийнхэд нь би өөрөө тоглосон. Үүнээс би кино дотроосоо найруулах боломжийг олж харсан” хэмээн тэр өгүүлжээ.
“Паблотой хамт зохиол бичсэн. Миний хувьд хамгийн сонирхолтой зүйл бол бидний ертөнцүүд хэр ялгаатай байгааг харуулах. Улс төр, феминизм, хайр, харилцаа, урлагийн зах зээлийн сорилт гээд олон зүйл өөрчлөгдсөн” гэж тэр нэмсэн юм.
Кинонд Carmen Machi (“Piggy”, “La Mesías”, “Celeste”) зэрэг Испанийн нэрт жүжигчид тоглож, Comba Films, Telespan студиуд хамтран бүтээсэн бөгөөд Prime Video Испанид дэмжин оролцсон байна.
1994 оны “Alegre ma non troppo” бүтээлээс хойш Коломотой тогтмол ажилласан продюсер Беатрис де ла Гандара энэ удаа ч мөн хамтран ажиллажээ. Хамтран продюсероор Жосе Луис Поведано болон өөрөө Коломо оролцсон байна.
Latido Films-ийн тэргүүн Антонио Саура:
“Бид энэ төслийг анхнаасаа дагаж байсан. Харин дэлгэцэн дээр бүтэн үзэхэд инээдээ барьж дийлээгүй. Дүрүүд, тэдний зовлон шаналал үнэхээр сэтгэл татам байсан” гэж дурдсан.
Тэрээр мөн:
“Коломо сүүлийн жилүүдийнхээ хамгийн шилдэг киног найруулсан. Тэр жүжигчний хувьд гайхалтай, зохиол ухаалаг, хөгжилтэй, жүжигчид нь үнэхээр гайхамшигтай. Хөнгөн, хөгжилтэй, уран сайхны жинхэнэ цэвэр цэнгээн. Бид энэ киног шууд л авах хэрэгтэй гэдгээ мэдэрсэн. Фернандо Коломо, Беатрис де ла Гандара болон тэдний залуу сэтгэлтэй гайхалтай багтай хамтран ажиллаж буйдаа баяртай байна” гэж нэмж хэлжээ.
variety.com