Mitsubishi EV зах зээлд эргэн ирж байна
Mitsubishi компани 5-р сарын 7-ны өдөр хэвлэлийн мэдэгдэл гаргаж, 2026 оны зун АНУ болон Канадын зах зээлд шинэ цахилгаан автомашинаа нэвтрүүлэхээ зарлалаа. Тус компани EV зах зээлд дахин хөл тавих нь холбоотон Nissan-тай хамтарсан төсөл бөгөөд 2017 онд үйлдвэрлэлээс гарсан i-MIEV-ийн орон зайг нөхөх зорилготой аж.
“Mitsubishi Motors North America”-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Марк Чаффин “Манай шинэ цахилгаан автомашин нь дотоод шаталтын хөдөлгүүртэй, залгаж цэнэглэдэг hybrid, цэвэр цахилгаан хөдөлгүүртэй загваруудын хослолоор үйлчлүүлэгчдэд өөрт тохирсон технологийг сонгох боломжийг олгоно” гэж мэдэгдэв.
Шинэ EV-ийн талаарх нарийн мэдээлэл одоогоор хомс байгаа ч, Nissan-ы дараагийн үеийн Leaf загварын платформыг ашиглана гэдэг нь баталгаажсан. Nissan өөрийн шинэ Leaf-ийг энэ оны сүүлээр танилцуулах төлөвтэй байгаа. Mitsubishi-гийн шинэ загвар нь Outlander Plug-in Hybrid болон кроссовер төвтэй загварууд болох Outlander Sport, Eclipse Cross зэрэгтэй хамт зэрэгцэн борлуулагдана.
Nissan компани гуравдугаар сард шинэ үеийн 2026 оны Leaf-ийг танилцуулсан. Энэ нь илүү олон шинэ болон шинэчилсэн загваруудын нэг хэсэг байсан бөгөөд гурав дахь үеийн Leaf-ийг “загварлаг, уужим, гэр бүлд ээлтэй кроссовер” хэмээн тодорхойлжээ. Тус загвар нь Ariya кроссовертой ижил CMF-EV модульчлагдсан платформ дээр бүтээгдсэн. Үүний үр дүнд автомашины зайны багтаамж, аэродинамик үзүүлэлт сайжирч, Tesla-ийн хурдан цэнэглэгч Supercharger сүлжээнд холбогдох боломжтой NACS цэнэглэгч порт суурилагдсан байна.
Mitsubishi Motors North America-ийн гүйцэтгэх захирал Марк Чаффины хэлснээр, шинэ цахилгаан автомашины зарлал нь компанийн “Momentum 2030” хэмээх Хойд Америкийн бизнес төлөвлөгөөний дараагийн алхам юм. Энэхүү төлөвлөгөө нь 2026 оноос 2030 он хүртэл жил бүр шинэ эсвэл томоохон шинэчлэлттэй загвар нэвтрүүлэх зорилготой аж.
“Өнөөдрийн зарлал бол АНУ-ын зах зээлд болон дэлхий дахинд манай компанийн ирээдүйг баталгаажуулах олон алхмын эхлэл юм. Momentum 2030 бол зүгээр нэг бизнес төлөвлөгөө биш, харин манай ажилтнууд, дилерүүд, үнэнч болон шинэ хэрэглэгчдийн маань зорилго, уриалга юм. Манай төлөвлөгөө тодорхой, бидний зам чиглэсэн” гэж Чаффин онцолсон байна.
Mitsubishi-ийн шинэ EV сорилттой цаг үед танилцуулагдаж байна
Шинэ цахилгаан автомашины талаарх мэдэгдэл Mitsubishi компанийн 2025 оны 1-р улирлын борлуулалт сайжирсан үед гарлаа. Тус компани өнгөрсөн улиралд Хойд Америкт 31,637 автомашин борлуулсан нь 2024 оны мөн үеэс 11%-иар өссөн үзүүлэлт юм. Гэвч дилерийн төвүүд дээрх нөхцөл байдал үүнтэй зөрчилдөж байгаа бололтой.
Automotive News-ийн олж авсан санхүүгийн мэдээллээр бол Mitsubishi-ийн дилерүүд ашиг олж чадахгүй байна. Дундаж цэвэр ашиг нь 2020 оны түвшнээс бараг хоёр дахин унаж, өнгөрсөн жил дөнгөж $434,199 болжээ. Мөн борлуулалтын ашгийн хувь 2023 онд 2.2% байсан бол 2024 онд ердөө 0.92% болсон байна.
Ийм нөхцөлд, өнгөрсөн жил ердөө 66,000 шинэ Mitsubishi автомашин дилерүүдээр борлуулагдсан (нэг дилерт сард дунджаар 17 автомашин борлогдож байжээ) тул шинэ EV дилерүүдийн хувьд эргэлзээтэй хүлээлттэй тулгарч байна. Automotive News-т ярилцлага өгсөн нэрээ нууцалсан нэгэн дилер загварын өргөтгөлийг нааштайгаар хүлээн авсан ч, тодорхой мэдээлэл байхгүй байгаагаас болж бүрэн дэмжиж чадахгүй байгаагаа илэрхийлсэн. Тэрээр зах зээлд хямд үнэтэй автомашин илүү хэрэгтэйг онцолжээ:
“Хэрвээ шинэ EV нь $40,000-оос дээш үнэтэй бол энэ ажиллахгүй. Бидэнд хямд автомашин хэрэгтэй байна, зах зээл яг тийш чиглэж байгаа.”
Дүгнэлт
Шударга хэлэхэд, энэ дилерийн хэлсэнтэй санал нэг байна. Mitsubishi шинэ, Nissan Leaf дээр суурилсан EV-ээ $40,000-аас доош үнэтэй, сэтгэл татам багц болгон танилцуулах шаардлагатай. Учир нь хямдралтай үнийн зааг дээр гацсан байдал нь худалдан авагчдын шийдвэрт шууд нөлөөлж байна.
Мөн Mitsubishi компани Японоос автомашин импортлох үйл ажиллагаагаа зогсоосон тухай албан ёсоор мэдэгдээгүйг анхаарах хэрэгтэй. Mitsubishi-ийн бараг бүх загвар Японд үйлдвэрлэгддэг. Харин АНУ-ын зах зээлд зориулагдсан Nissan Leaf автомашинууд Теннесси мужийн Смирна хотод, Японд үйлдвэрлэгдсэн эд ангиар угсардаг.
Иймээс Mitsubishi-ийн шинэ EV болон Nissan Leaf-ийн нэр, цэнэгийн хүрээ, хүчин чадал, үнэ зэрэг хамгийн чухал үзүүлэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүлээхээс өөр сонголтгүй байна.
autoblog.com