in

MSI-ийн шинэ Claw A8: Xbox-ийн гар консолыг хүлээх хэрэггүй боллоо

MSI-ийн шинэ Claw A8 гар төхөөрөмж нь Switch 2-оос цаашхи гар консолын ертөнцөд энэ жил халуухан өрсөлдөөн өрнөхийг зөгнөж байна.

MSI-ийн шинэ Claw A8: Xbox-ийн гар консолыг хүлээх хэрэггүй боллоо

Тайпэй хотод зохиогдож буй Computex үзэсгэлэнгийн үеэр Xbox-ийн гар консолтой холбоотой цуурхал батлагдсангүй. Гэхдээ гар төхөөрөмжөөр тоглох сонирхолтой хэрэглэгчдэд MSI компани тод өнгө, шинэ CPU, сайжруулсан хийц бүхий Claw A8 загвараа танилцуулж, энэ зах зээлд дангаар ноёлох хандлагатай байна.

Шинэ загвар нь нүд гялбам нимбэгний ногоон болон уламжлалт цагаан гэсэн хоёр өнгийн сонголттой. Гаднаасаа өмнөх Claw 7 A1M эсвэл Asus ROG Ally загваруудтай төстэй харагдах ч 8 инчийн 120Hz IPS дэлгэц, хувьсах сэргээгдэх хурдаар ажилладаг гэдгээрээ ялгарч байна. Түүнчлэн илүү дөрвөлжин хэлбэртэй болсон нь барихад таатай, удирдлагын саваа нь Hall effect технологитой тул “савааны хазайлт” гэх асуудал гарах магадлал багассан гэж MSI онцолжээ.

Msi Claw 8 And Msi Claw A8

Гол өөрчлөлт нь дотоод бүтцэд бий. Claw A8 нь AMD-ийн Ryzen Z2 Extreme процессороор тоноглогдсон цөөн гар төхөөрөмжүүдийн нэг бөгөөд энэ нь өмнөх хоёр жилийн турш хамгийн их ашиглагдсан Ryzen Z1-ийн дараагийн үеийн загвар юм. Zen 5 архитектур дээр суурилсан тус чип нь AMD-ийн хамгийн сүүлийн үеийн зөөврийн процессоруудтай ижил төвшинд хүрсэн бөгөөд график чадамж нь илүү сайжирсан гэж үзэж байна.

Гэсэн ч “Claw A8” гэх нэр нь хэрэглэгчдийг бага зэрэг төөрөгдүүлж магадгүй. Учир нь өмнөх загвар болох Claw 8 AI+ нь Intel Core Ultra 7 258V болон Arc 140V график чипээр тоноглогдсон өндөр хүчин чадалтай гар төхөөрөмж байсан. Тухайн үед $1,000 орчим үнэтэй байсан тус төхөөрөмжтэй харьцуулахад шинэ загвар нь RAM-ийн хурд (8000MHz) бага ч арай хөнгөн болсон нь зөөвөрлөхөд илүү тохиромжтой болгожээ.

MSI-ийн AMD рүү шилжсэн шийдвэр нь зүгээр ч нэг технологийн сонголт биш. Гар төхөөрөмжид зориулсан, тоглоомд чиглэсэн тусгай процессор ашигласнаар төхөөрөмжийн ерөнхий гүйцэтгэлийг оновчтой болгож байна. Харин Intel энэ салбарт хоцорч байгаагаа хүлээн зөвшөөрч, гар төхөөрөмжид зориулсан CPU-ийн шинэчлэл дээр ажиллаж буйгаа мэдэгджээ.

MSI-ийн Claw A8 яг хэдэн төгрөгөөр худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа ч гар тоглоомын зах зээлийн ирээдүйд ямар чиг хандлага давамгайлахыг харуулах нэгэн жишээ болж байна.

CES 2025 үзэсгэлэнгээс хойш гар тоглоомын төхөөрөмжүүдийн талаарх мэдээ тун цөөн байсан ч салбарын өрсөлдөөн улам ширүүсэж байна

Lenovo компани шинэ оны эхэнд Windows 11 үйлдлийн системтэй, илүү хялбар хувилбар болох Legion Go S-ийг танилцуулсан. Мөн Ryzen Z2 Extreme чиптэй Legion Go 2-ийг одоогоор гаргаагүй байгаа. AMD-ийн энэхүү тусгай Ryzen Z2 Go чиптэй төхөөрөмж өндөр үнэ, сул гүйцэтгэлийн харьцаатай байсан тул бидний хүлээлтэд төдийлөн нийцээгүй. Гэхдээ Steam Deck OLED-ийн $550 (~1.8 сая төгрөг)-ийн үнийн босго руу ойртсон хямдрал, түүнчлэн SteamOS-ийн тоглоомын консол шиг хэрэглээний орчин нь энэ төрлийн төхөөрөмжийг илүү үр дүнтэй болгох магадлалтай. SteamOS үйлдлийн системтэй Legion Go S нь 5-р сарын 25-нд 16GB RAM, 512GB багтаамжтай хувилбараар $600 (~2 сая төгрөг)-ийн үнэтэйгээр худалдаанд гарах хуваарьтай байна.

Харин энэ өрсөлдөөнтэй зах зээлд анхаарлын төвд хэвээр байгаа тоглоомын том “заан” бол Nintendo Switch 2. Шинэ системд $450 (~1.5 сая төгрөг) зарцуулах гэж буй хэрэглэгчид ижил төрлийн өөр гар төхөөрөмжид дахин мөнгө зарцуулахыг хүсэхгүй байх магадлалтай. Nintendo-ийн 6-р сарын 5-ны танилцуулга нь Asus болон Lenovo зэрэг үйлдвэрлэгчдэд илүү хүчирхэг, өндөр үнэтэй хувилбаруудаа хойшлуулахад хүргэж байгаа бололтой. Ирэх саруудад бид илүү дэлгэрэнгүй үнийн мэдээллийг сонсох байх.

Тэр үед гар төхөөрөмжийн сонголт асар их болж, бүгдийг нь туршихын тулд бид гар нэмэх хэрэгтэй ч юм шиг санагдах болно.

What do you think?

Уур амьсгалын өөрчлөлт дарсны амтанд нөлөөлж эхэлжээ

Уур амьсгалын өөрчлөлт дарсны амтанд нөлөөлж эхэлжээ

BrahMos: Энэтхэг, ОХУ-ын дуунаас хурдан пуужин дэлхийн зэвсгийн тэнцвэрийг өөрчилж байна

BrahMos: Энэтхэг, ОХУ-ын дуунаас хурдан пуужин дэлхийн зэвсгийн тэнцвэрийг өөрчилж байна