NASA-гийн Psyche хөлөг хоёр жилийн өмнө хөөрсөн бөгөөд одоогоор ховор бүтэцтэй нэгэн астероидын зүг чиглэн яваа юм. Энэхүү аялал нь Дэлхийн үүслийг ойлгоход туслах зорилготой. Хэдийгээр уг хөлөг астероидтой (нэр нь мөн “Psyche”) учрах хүртлээ хэдэн жилийн хугацаа шаардлагатай ч, түүний хөдөлгүүрийн системд асуудал гарч, хөлөг түлшний хөдөлгүүрээ унтраахаас өөр аргагүйд хүрсэн байна.
Psyche төслийн инженерүүд түлш дамжуулах системийн даралт буурсан шалтгааныг судалж байгаа бөгөөд энэ асуудлыг зургаадугаар сарын дунд үе гэхэд шийдвэрлэх шаардлагатай. Учир нь түүгээр аяллын замналыг хянахад чухал нөлөөтэй. “Инженерүүд даралт бууралтын шалтгааныг олж тогтоох хүртэл түлш цацалтыг хойшлуулахаар шийдлээ” хэмээн NASA мэдээлжээ.
Psyche нь 2023 оны аравдугаар сард хөөрсөн бөгөөд 2.2 тэрбум миль (3.5 тэрбум км) аялж, Саран ба Ангараг гарагийн хооронд орших металллаг найрлагатай гол бүсийн астероид руу хүрэхээр төлөвлөсөн. 2024 оны тавдугаар сараас хойш хөлөг нарны эрчим хүчээр ажилладаг цахилгаан хөдөлгүүрүүдийг ашиглан замналаа залруулж эхэлсэн. Харин 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нд ксенон хий дамжуулах шугамын даралт 36 psi-аас 26 psi болж огцом буурсныг илрүүлсэн бөгөөд үүний улмаас хөдөлгүүрүүд автоматаар унтарсан байна.
Төслийн баг хөдөлгүүрийг ойролцоогоор зургаан долоо хоногийн турш унтраалттай байлгаж болох ч түүнээс хойш зайлшгүй замналыг засах хэрэгтэй болдог. Одоогоор түлшний даралт яагаад буурсан шалтгааныг тогтоохын зэрэгцээ нөөц түлш дамжуулах шугам руу шилжиж, хөдөлгүүрийг дахин асаах боломжийг инженерүүд судалж байна.
Хэрвээ бүх зүйл төлөвлөсөн ёсоор явагдвал хөлөг 2029 оны долдугаар сарын сүүлээр Psyche астероидын тойрог замд орж, наймдугаар сараас эхлэн шинжилгээний ажлаа эхлүүлэх юм. Мөн 2026 оны хавар Ангараг гарагийг ойрхон өнгөрөхөөр төлөвлөсөн бөгөөд энэ үед гарагийн татах хүчийг ашиглан замналаа гол бүс рүү чиглүүлнэ. Psyche бол 226 км диаметртэй, магадгүй нэгэн гараг үүсгэгч биетийн гол цөм үлдэж хоцорсон байж болохуйц ховор астероид юм.
Энэхүү төсөл олон жил бэлтгэгдэж, олон саадтай тулгарсан. Анх 2022 онд хөөрөх ёстой байсан ч хөлгийн нислэг удирдах программ хангамжийн асуудлаас шалтгаалан дараагийн боломжит цонх болох 2023 он хүртэл хойшлогдсон. Уг программ нь хөлгийн чиглэлийг хянах, мэдээлэл дамжуулах үүрэгтэй. Хөөргөх анхны тов болох 2023 оны аравдугаар сарын 5-ны долоо хоногт хөлгийн хөдөлгүүр хэт халалтад орох магадлалтайг илрүүлж, асуудлыг шийдэхийн тулд хөөргөх хугацааг долоо хоногоор хойшлуулсан байна.
Гэсэн ч NASA-ийн албаныхан энэ удаагийн доголдолд төдийлөн санаа зовохгүй байгаа аж. “Иймэрхүү асуудлууд гарах нь энгийн бөгөөд үүний тулд л бид системдээ нөөц шийдлүүдийг суулгадаг юм” хэмээн NASA-гийн гариг хоорондын судалгааны хэлтсийн захирал Луиз Проктер мэдэгдсэн тухай SpaceNews дамжуулжээ. “Одоогоор санаа зовоох ямар ч зүйл алга. Гэхдээ бид байнгын хяналт тавьж байна” гэж тэр нэмж хэлсэн байна.
gizmodo.com