NBA бол од тоглогчдоор хөтлөгддөг лиг. Талбай дээр нэг багт ердөө таван тоглогч гарах тул ганц тоглогчийн нөлөө улирлын туршид бусад спортын төрлүүдтэй харьцуулахад хэд дахин илүү байдаг. Үүний тод жишээ нь Леброн Жеймсийн хоёр арваны турш үргэлжилсэн давамгайлалтай карьер юм. Гэвч энэ нь бусад дөрвөн тоглогчийн оролцоо үлэмж биш гэсэн үг биш.
Сүүлийн жилүүдэд тоглогчдын хувийн ур чадварт, ялангуяа бөмбөг эзэмшиж довтолгоо үүсгэх чадварт хэт анхаарах “bag work” гэх соёл хүчээ авч байна. Харин Леброн Жеймс энэ чиг хандлагыг шүүмжлэн, NBA-д хөл тавихыг хүсэж буй залуу тоглогчдод илүү бодитой, үр дүнтэй чиглэлийг санал болгожээ.
“Mind the Game” подкастынхаа үеэр Стив Нэш болон зочин Лука Дончич нарын хамт тэрээр дараах зөвлөгөөг өгсөн юм.
“Би сошиал орчинд ‘Лебронд техник байхгүй’ гэж бичсэн зүйлсийг байнга хардаг. Гэтэл би 50 мянган оноо аваад сууж байна шүү дээ,” хэмээн тэрээр хошигнон өгүүлээд, “Тоглоомыг зөв тогло. ‘Надад уут дүүрэн техник хэрэгтэй’ гэж өөрийгөө хуурч, цагаа дэмий бүү үр. Юунд сайн байгаагаа ойлгож, багтаа хэрхэн тус болж чадахаа л хөгжүүл. Жил бүр өмнөхөөсөө илүү тоглогч болоход л анхаар.”
Жеймсийн хэлснээр орчин үеийн сагсан бөмбөгт байрлалын ялгаа улам бүдгэрсэн ч, хамгаалалт болон булангаас /Завьж/ гурван онооны шидэлт хийх чадвар үргэлж үнэ цэнтэй хэвээр.
“Ямар ч үед бөмбөгийг хоёр, гурван тоглогч л эзэмшдэг. Багт чамайг бөмбөг эзэмшдэг од болохыг шаарддаггүй. Харин чи хамгаалж, булангаас гурван онооны шидэлт хийж чадвал NBA-д 200 сая долларын гэрээ байгуулах боломжтой” хэмээн тэрээр онцолсон юм.
Лука Дончич ч мөн тоглогчдын үүргийг тодорхой байлгах чухлыг дэмжсэн. “Юунд сайн байгаагаа мэд. Сайн биш зүйлдээ оролдох хэрэггүй. Эс тэгвээс тэр нь хэзээ нэгэн цагт ил гарна” хэмээн тэр мөн онцолжээ.
Тэрчлэн өөрөө тоглолт үүсгэх чадварыг тодорхой түвшинд хөгжүүлэх нь ашигтай. Жишээ нь, Жимми Батлер Чикагогийн бүрэлдэхүүнд байхдаа энэ чадварыг аажмаар хөгжүүлж чадсан. Түүнчлэн Жаден МакДаниелс, Амен Томпсон нар ч энэ чадварт ахицтай яваа. Гэхдээ энэ нь бүхнийг шийдэх арга биш. Харин ч эсрэгээрээ, одоогийн сагсан бөмбөгт хамгийн чухал зүйл бол тоглолтыг ухаалгаар ойлгож, багтаа туслах чадвар, тогтвортой байдал юм.
thesportsrush.com