Эрдэмтэд суперкомпьютерийн хүчин чадалд дүйцэхүйц, гэхдээ цүнхэнд багтах хэмжээний шинэ мини компьютер бүтээжээ.
“Project Digits” нэртэй энэхүү төхөөрөмжийг хөгжүүлэгчид, судлаачид, оюутнууд болон хиймэл оюун ухаантай ажилладаг өгөгдлийн шинжээчдэд зориулан бүтээсэн байна. Энэ төхөөрөмж нь өмнө нь үүлэн тооцооллоор дамжуулан их хэмжээний мэдээллийн төвүүд ашиглах шаардлагатай байсан AI загваруудыг шууд ажиллуулах боломжийг олгоно гэж Nvidia-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг Лас Вегас хотноо болсон CES 2025 үзэсгэлэн дээр зарлалаа.
Төхөөрөмжийн эцсийн загвар хараахан тодорхой болоогүй ч ширээн дээр эсвэл бүр цүнхэнд багтахуйц хэмжээтэй байх юм.
Энэхүү төхөөрөмж нь Nvidia GB10 Grace Blackwell суперчипээр ажилладаг бөгөөд тухайн чип нь өгөгдлийг хооронд нь шилжүүлэх хугацааг багасгахын тулд холбогдсон тусдаа бүрэлдэхүүн хэсгүүдийг нэг чип дээр байрлуулсан байдаг.
Суперчип нь Nvidia Blackwell график карт, Nvidia Grace процессорыг багтааснаас гадна 128 гигабайт санах ой, 4 терабайт SSD хадгалах багтаамжтай.
Нийтдээ энэ төхөөрөмж нь хамгийн сайн зөөврийн компьютеруудыг бодвол ойролцоогоор 1,000 дахин хүчирхэг юм.
“NVIDIA-гийн Project DIGITS нь робототехник, компьютерын хараа болон бие даасан систем судалж буй эрдэмтдэд шийдлүүдийг урьд өмнөхөөсөө илүү хурдан туршиж, тохируулах, өргөтгөх боломжийг олгож байгаа бөгөөд энэ бүгд таны ширээн дээр багтахуйц,” хэмээн Торонто их сургуулийн компьютерын шинжлэх ухааны профессор, өөрөө явагч автомашины компани Waabi-гийн үүсгэн байгуулагч Ракиел Уртасан мэдэгдсэн байна. Waabi нь өөрөө явагч ачааны автомашинууддаа Nvidia-гийн технологийг ашигладаг. “Project DIGITS бидэнд ямар дэвшлүүдийг авчрахыг харахыг тэсэн ядан хүлээж байна.”
Суперкомпьютерийн хүчин чадлыг секундэд гүйцэтгэх хөвөгч цэгийн үйлдлийн тоо (FLOPS) хэмжээгээр үнэлдэг. Дэлхийн хамгийн хүчирхэг суперкомпьютерууд 1,000 петаFLOPS буюу (1 квинтиллион FLOPS) хүчин чадалтай бөгөөд IBM-ийн мэдээлснээр энэ нь зөөврийн компьютеруудыг 1 сая дахин давж гардаг.
Харин Project DIGITS нь 1 петаFLOPS хүчин чадалтай. Энэ нь дэлхийн хамгийн шилдэг суперкомпьютеруудтай адилтгахгүй ч ихэнх ширээний компьютер болон хамгийн сайн зөөврийн компьютеруудыг хамаагүй илүү хүчирхэг болгож байгаа ба энэ нь харьцангуй бага хэмжээтэй байгаа юм.
Энэхүү “Ширээний суперкомпьютер”-ийг ашиглан судлаачид томоохон хэмжээний хэлний загварууд — ChatGPT зэрэг үүсгэгч AI хэрэгслүүдийг ажиллуулж, 200 тэрбум параметртэй загварууд ашиглах боломжтой. Хоёр Project DIGITS төхөөрөмжийг холбосноор 405 тэрбум параметр дэмжих чадалтай болно. Жишээлбэл, 2022 оны 11-р сард анхны ChatGPT-г ажиллуулсан GPT-3.5 загвар нь ойролцоогоор 175 тэрбум параметртэй байсан бөгөөд параметр бүр нь загвар текстийг боловсруулах, үүсгэх үйл явцыг удирддаг хувьсагч юм.
Төхөөрөмжийн загвар хараахан эцэслэн батлагдаагүй. Nvidia-ийн төлөөлөгчид прототипийн зургийг хараахан хуваалцаагүй ч тавдугаар сард ойролцоогоор 3,000 ам.долларын үнээр худалдаанд гарах бөгөөд худалдан авах сонирхолтой хүмүүс урьдчилан бүртгүүлэх боломжтой гэж мэдэгджээ.
livescience.com