Өөрийн гэсэн тоглоомын компьютер угсрах нь сэтгэл догдлуулсан атлаа багагүй дарамттай ажил байж болох юм. PC угсрахаасаа өмнө мэдэх ёстой олон зүйлс бий. Буруу зүйл олон тохиолдож болзошгүй ч эцсийн үр дүн нь үргэлж сэтгэл ханамжтай байдаг. Энэ нь яг л машин угсарч, хожим нь сайжруулж, арчилж явдагтай адил. Энэ таны анхны эсвэл зуу дахь PC угсралт байсан ч ялгаагүй эд ангиудыг худалдаж авахаасаа өмнө хоорондоо нийцтэй эсэхийг заавал шалгах хэрэгтэй.
Аз болоход өнөө үед энэ процесс 20 жилийн өмнөхөөс хавьгүй хялбар болсон. PCPartPicker, BuildMyPC зэрэг вэбсайтууд таны шинэ компьютерыг виртуал орчинд угсрах боломж олгодог бөгөөд сонгосон эд ангиуд хоорондоо тохирч байгаа эсэхийг автоматаар шалгаж өгдөг тул цаг хугацаа, мөнгөө хэмнэх боломжтой.
Тохиромжтой байдалд хамгийн түрүүнд анхаарах зүйл бол эх хавтангийн хэмжээ юм. ATX эх хавтан нь хамгийн түгээмэл хэмжээтэй бөгөөд 305 x 244 мм хэмжээтэй байдаг. Харин Micro-ATX нь ATX-оос арай жижиг бөгөөд өргөн нь ижил ч урт нь богиносгосон 244 x 244 мм дөрвөлжин хэлбэртэй. Mini-ITX нь маш жижиг хэлбэрийн эх хавтанг сонирхогчдод зориулагдсан бөгөөд ердөө 170 x 170 мм хэмжээтэй. Харин хамгийн том нь eATX эх хавтан бөгөөд урт нь ATX-тэй ижил ч өргөн нь өөр өөр байдаг. Эдгээр сонголтоос шалтгаалж холболтын оролтууд болон үнэ нь өөрчлөгдөнө. Мөн ямар кейс ашиглахаа ч энэ дээр үндэслэн сонгох хэрэгтэй.
Тохирох эсэхийг шалгах эхний алхам бол эх хавтан ба CPU юм

Хэрэв та хэн нэгний туслалцаагүйгээр компьютер угсрах гэж байгаа бол эд ангиуд хоорондоо тохирох эсэхийг мэдэх хэд хэдэн чухал шинжүүд бий. CPU худалдан авахдаа “LGA 1700” эсвэл “AM4” гэх мэт үсэг, тооны хослол бүхий тэмдэглэгээтэйг анзаарч болно. Энэ нь тухайн CPU ямар сокет (суурь) ашигладаг, өөрөөр хэлбэл ямар эх хавтантай тохирохыг илэрхийлдэг. Ямар ч CPU-г хүссэн эх хавтанд суулгах боломжгүй тул эд ангийн жагсаалтыг анхааралтай уншиж, тохирох сокетыг шалгах шаардлагатай. Intel ба AMD-ийн сокетуудын нэршил өөр өөр байдаг.
Intel сокетууд ихэвчлэн LGA (Land Grid Array) төрөлтэй байдаг бол AMD-ийн орчин үеийн CPU-ууд AM4, TR4, sTRX4 гэх мэт нэршилтэй. Гэхдээ бүх LGA сокетууд нэг эх хавтантай нийцэхгүй. Жишээлбэл, X299 чипсет зөвхөн LGA 2066 CPU-тай ажилладаг бол LGA 1700 CPU нь Z690, H670, B660, H610 чипсеттэй эх хавтантай тохирно. AMD-ийн хувьд Ryzen 5000 ба 3000 цувралын AM4 сокеттой процессорууд нь X570, X470, X370, B550, B450, B350 гэх мэт олон төрлийн чипсеттэй нийцдэг.
График карт сонгох нь харьцангуй хялбар
График карт сонгох нь CPU, эх хавтантай харьцуулахад илүү энгийн. NVIDIA ба AMD карт бүр өөрийн давуу болон сул талтай байдаг ч эх хавтан нь PCIe x16 оролттой л байвал ямар ч хэрэглээний GPU таарна.
Цахилгаан хангамжийг бүү март

CPU, эх хавтан, GPU, RAM, хадгалах төхөөрөмжүүд бүгд чухал ч эдгээрийг тэжээх цахилгаан үүсгүүр (PSU) байхгүй бол ажиллах боломжгүй. Гэхдээ та дурын PSU-г сонгон компьютертээ хийх боломжгүй. PSU бүр ханан дахь цахилгааныг компьютерт тохирох хэлбэрт шилжүүлэхдээ өөр өөр хэмжээний ватт гаргадаг.
Тохирох эсэх нь энд ч мөн адил чухал: Бүх эд ангиуд тодорхой хэмжээний цахилгаан хэрэглэдэг бөгөөд зарим нь бусдаасаа их зарцуулдаг. Иймээс компьютерт хангалттай цахилгаан өгч чадах PSU-г сонгох нь маш чухал. Аз болоход MSI ба NewEgg сайтууд таны компьютерт яг хэдэн ватт хэрэгтэйг тооцоолох онлайн тооцоолууртай тул сонголтыг хялбарчилдаг.
Бүх PSU тодорхой гэрчилгээ-тэй ирдэг бөгөөд эдгээр нь тухайн PSU найдвартай гэдгийг батална. Cybenetics болон 80 Plus нь хамгийн түгээмэл гэрчилгээ олгогч байгууллагууд юм.
- Cybenetics нь дуу чимээ болон үр ашиг дээр үндэслэн гэрчилгээ олгодог. Үр ашгийн үнэлгээ нь Bronze, Silver, Gold, Platinum, Titanium, Diamond зэрэг ангилалтай. Дуу чимээний үнэлгээ нь Standard-аас эхэлж A++-оор өндөрлөдөг.
- 80 Plus бол зөвхөн үр ашгийг хэмждэг систем бөгөөд мөн Standard-аас Titanium хүртэл зэрэглэлтэй.
Таны сонгосон PSU зөвхөн хангалттай цахилгаан өгөхөөс гадна тогтвортой, найдвартай ажиллах ёстой бөгөөд гэнэтийн цахилгаан тасралт, хүчдэл нэмэгдэхээс хамгаалах чадвартай байх нь чухал юм.
slashgear.com